Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ₮1.8 сая, долоодугаар сараас ₮2.5 саяд хүргэх боломжийг судлах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд онцоллоо. Уг тогтоол батлагдвал цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. 

зураг
 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг байгааг 3.5 сая төгрөг болгож нэмэх шаардлага тавьж байгаа. Багш нарын үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Өөрөөр хэлбэл, багш нарын зөвхөн үндсэн цалингийн зардалд жилд нийт 6.1 их наяд төгрөг шаардагдахаар байгаа юм. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 төгрөгт хүргэх боломжтой гэдгийг салбарын сайд хэллээ.

зураг
 

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, долоодугаар сараас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа. 

зураг
 

 

More From Author

Д.Амгалан: Хотын хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая, байгууллагыг 10 сая төгрөгөөр торгоно

Хог үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмыг Хог хаягдлын тухай хуульд тусгахаар ажиллаж байгаа гэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн