УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулав.
Тус хэвлэлийн хурлын үеэр МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахыг шаардаж мэдээлэл өгөв.
МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлж буй шаардлага:
Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг.
УИХ-ын тухай хуулийн 4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно гэж заасан байдаг.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1.1.Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэх гэж заасан.
Үндэсний эв нэгдлийг хангах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх үүднээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж, нэр холбогдоод буй албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг хуулийн дагуу шалгуулах ёс зүйн шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагыг гишүүд УИХ-ын даргад өгөхөд бэлэн болсон.