Д.Амарбаясгалан: Германд бүртгэлтэй хуурамч сайтад 50 мянган ам.доллар төлж намайг гүтгэсэн. Админерал, Бортээг гэнэ үү, би мэдэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр “нүүрсний хулгайч” хэмээн цоллуулаад буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө өмгөөлж байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Хулгайчаараа дуудуулаад сууж байх сонирхол алга. Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улс төрч өрсөлдөгчөө намнадаг арга хэлбэр байдгийг өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. 

Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, улс орны маргаашийн хөгжлийг бодлого болгон төлөвлөж чаддаг байх түвшинд хүргэх зорилгоор ажиллаж эхэлсэн. 

Түрүүн Г.Занданшатар дарга гадаадын сайт гээд хэлж байна. Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй мэдээлэл дамжуулдаг хуурамч сайтад 50 мянга гаруй ам.доллар төлж, 37 сайтаар намайг гүтгэсэн. 

Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу шинжээч нь ийм хуурамч сайтаар мэдээллийг гүтгэж тараасан байна гэдэг дүгнэлт гаргаж надад ирүүлсэн. Админерал, Бортээг гэнэ үү миний мэдэхгүй, оролцоогүй, надад байхгүй, цаашдаа ч байхгүй зүйлээр гүтгэсэн. Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэлцэж ялалт байгуулсан. Энэ мэтчилэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаад араас нь ажил албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг, шаардлага тавьж байгаа. 

Би өөрийгөө ардчилсан Монгол Улсын иргэн гэж бодож явдаг. Огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотлох шаардлага тавьдаг нийгэм биш гэж боддог. 1937 онд байсан бол гаргаж аваад буудчихмаар байх шиг байна. Бид харин өнөөдөр парламентын засаглалтай, ардчилсан нийгэмд амьдарч буй гэдгээрээ бахархах ёстой. 

Гэм буруутай эсэх нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэдэг. Гэтэл ямар нэг хуулийн байгууллагад шалгагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж огцрох шаардлага тавьж буй улс төрийн үйлдлээсээ ичих хэрэгтэй. Би тогтоогдсон бол энд юм ярихгүй” гэв.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1068297511890361

More From Author

Ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг ирэх Даваа гараг хүртэл хойшлуулав

Э.Одбаяр: МАН-ынхан манай намын лидерүүдийг хилсээр шоронд хийж, хил давтал нь дарамталж байж олон сонгуулийн ард гарсан. Та нар асуудлаа шүүх дээр эсвэл цагаан байрандаа очиж ярь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн