Маргааш буюу аравдугаар сарын 14-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Улмаар зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулав.
Хур тунадас:
- 10-р сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 10-р сарын 14-нд нутгийн зарим газраар,
- 10-р сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 10-р сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 10-р сарын 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар,
- 10-р сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24…-29 градус хүйтэн, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд ялимгүй цас, 16-нд нойтон цас, цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14, 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-14 градус, бусад хэсгээр -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус дулаан байна.