Монголын улс төрийн ууган намын дотоод зөрчил төрийн ажлыг гацааж, үүнээс үүдэлтэй магадгүй түүгээр шалтагласан улс төрийн акцууд айл бүрийн амьдралд нөлөөлж эхэллээ.
Монгол Ардын Намын даргын сонгуулиар эхэлсэн энэхүү зөрчил улам гүнзгийрсээр өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах хэмжээнд хүрээд зогсохгүй, ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг ч гацаагаад буй.
Хэвлэлийнхэн холхилдож, улс төрчид камерын өмнө мэдээлэл хийж Төрийн ордонд жирийн өдрүүдийнх шиг хэмнэл үргэлжилж байгаа мэт харагдавч асуудлын гогцоог тайлах хүмүүс хөшигний цаана сууцгааж саарал ордныг “эзэнгүйдүүлсээр”. Яг үнэндээ асуудал хөглөрсөн Төрийн ордон эзэнгүй байна.
Өнгөрөгч Баасан гарагт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Гэвч Даваа гарагт үргэлжилсэн хуралдаанд гишүүд оролцоогүй тул байнгын хорооны хурлыг хаав. Ингээд байнгын хороо ч, МАН-ын бүлэг ч хуралдалгүй Даваа гарагийг өнгөрөөсөн. Үүний өмнөх долоо хоногт бүлэг мөн л хуралдаагүй юм.
Харин өнөөдөр нэр бүхий гишүүд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хандаж бүлгээ хуралдуулахыг шаардав. Цаашлаад бүлгийн даргаа ч огцруулах асуудлыг хөндсөн. Ингэснээр огцрогсдын жагсаалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нэмэгдэв. Одоогоор уг жагсаалтыг Ерөнхий сайд тэргүүлж, УИХ-ын дарга удаалж, түүний араас Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар бичигдээд байгаа.
Харин өнөөдрийн гол дүрээр тодорсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн зөрүүлээд тайлбар хийсэн. Тэрбээр гарын үсэг зурсан гишүүдийн цаана байгаа хүмүүс хоорондоо ойлголцоогүй байхад бүлгийг хуралдуулж, хэрүүл болгоод яах вэ дээ гэдэг ил цагаан хариулт өглөө. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр тохиролцож чадаагүй бол намын бүлэг, байнгын хороо хэдэнтээ хуралдсан ч үр дүн гарахгүй гэдэг санааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн юм.
Гэвч энд дурдагдсан хоёр албан тушаалтан ярилцаж, тохиролцоод асуудлыг нэг тийш нь болгохоосоо хэдийнээ өнгөрсөн болов уу. Улс төрийн яг иймэрхүү эгзэгтэй үеийг хамгийн сайн ашиглаж чаддаг улс төрч бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүнийг хүүхдүүдээ загнаж, сургаж буй аавын дүрээр гарч ирэхийг олон нийт хүлээсээр байгаа. Гэвч энэ асуудал өөрт нь огт хамаагүй мэт байсаар гадаад улс руу айлчлахаар явчхав.
Ийнхүү эрх баригчдын өөрсдөө шийдэж чадахаа больсон асуудал сөрөг хүчний гарт очсон гэж хэлж болохоор. Гэхдээ Даваа гарагт хуралдсан АН-ын бүлгийн хурлаас гишүүдээ хайрцаглахгүй, өөр өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандана гэдэг хаашаа ч холбирч болох байр суурийг илэрхийлээд буй.
Ийнхүү тодорхой болсон нэг ч асуудалгүй бас нэгэн өдөр өнгөрлөө, Төрийн ордонд.
Харин цалингаа нэмэхийг шаардсан эмч, багш нарын шаардлага ордны гадна үргэлжилсээр байгаа. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн үлгэрээр төрийн ордонд хэн нь ч дарга болсон яахав гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа хүн олон бий. Гэтэл өөрөөс нь хол мэт санаж байсан улс төрийн үйл явц тэдний амьдралд шууд нөлөөлж эхлэх нь. Ямартай ч эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй, тэд нь улсынхад суралцдаг бол тэдгээр өрх бүрд хоёр өдрийн дараагаас хүүхдээ хэнээр харуулах вэ гэдэг асуулт тулгарлаа.
Учир нь цалингаа 1,000 ам.долларт хүргэхийг шаардсан багш нар энэ сарын 16-н буюу Пүрэв гарагаас хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээ мэдэгдээд байна.
Эрх ашгаа хамгаалж, цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нарын зорилго энэ цаг үед улс төртэй холбогдон, багш нар өөрсдөө ч мэдэлгүй Засгийн газарт үзүүлэх шахалтад хүч нэмж эхлэв.