Я.Содбаатар: УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ дахь намын бүлэг дээр уулзаж, ойлголцоно

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өчигдөр үргэлжлэх ёстой байсан боловч “ирц хүрээгүй” гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 

Түүнчлэн өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс “хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Бидний дээр Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хуралдуулна гэсэн бодлоготой байна” гэж өнөөдөр мэдээлсэн юм. 


МАН-ын бүлгийн даргын уг мэдэгдлийн дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээллийг өгөв. 

Тэрбээр “Яригдаж буй төрийн өндөр албан тушаалтны ажил дээр тохиролцоо гэж байхгүй. Намын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж ярилцах, нөхцөл байдлыг дүгнэх уулзалтууд хэд хэд болсон.

МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж болдоггүй. Намын бага хурал буюу төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдыг томилдог. Бага хурлаасаа удирдах зөвлөл байгуулагддаг. Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй.

Хоёрдугаарт УИХ дахь намын бүлэг Удирдах зөвлөлөөс чиглэл авч хуралдах заалт байхгүй. Намын бүлэг хуралдаж, улс орны чухал асуудлаар тодорхой шийдвэр гаргах ёстой. МАН-ын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдана. Парламентын гишүүд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал зөрөлдөж байна. Энэ асуудлыг улс орны нийтлэг эрх ашгийн төлөө УИХ дахь намын бүлэг дээр уулзаж, ойлголцох болно.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Хяналтын ерөнхий хороог шийдвэрээ эргэн харах хүсэлт гаргасан. Шинээр сонгогдсон намын даргын өргөдлийг Улсын дээд шүүхэд хараахан хүргүүлээгүй байгаа” гэв.

More From Author

Маргааш баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр их хэмжээний нойтон цас орно

Улс төр Төрийн ордноос хальж айл бүрийн хаалгыг тогшиж эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн