Цалингаа 1,000 ам долларт хүргэхийг шаардсан багш нар энэ сарын 16-н буюу Пүрэв гарагийн 08:00 цагаас эхлэн ажил хаялт хийхээ мэдэгдээд байгаа.
Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо холбооны дарга З.Цогтгэрэл “Маргааш ажил хаялт болно. Багш нар 08:00-17:00 цагийн хооронд ажлын байран дээрээ байна. Ажил хаялтад оролцохгүй гэсэн нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Багш нарын цалинг 20 хувиар нэмэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид цалингаа 2026 онд багтааж 3.5 саяд хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир биднийг хууль бус ажил хаялт хийж байгаа гэлээ. Бид хуулийн дагуу ажлаа хаях гэж байна” гэсэн юм.
Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн тэргүүлж байсан Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг байгууллагын гишүүн багш нар маргаашийн ажил хаялтад оролцохгүй гэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Манай холбоог гурван талт гэрээнд оролцдоггүй гээд хүлээж авч уулздаггүй. Биднийг хэлэлцээрт оруулахгүйгээр Үйлдвэрчний эвлэл Засгийн газартай хулгай луйвраа тохирох гээд байна.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо 15 мянган гишүүнтэй. Манай 15 мянган багш ажил хаялтад оролцохгүй. Эд нар угаасаа ингэдэг. Жил болгон ингэдэг. 2017 оноос хойш Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо Засгийн газартайгаа нийлээд намайг шантаажчин гэж муу муухайгаар хэлдэг. Үйлдвэрчний эвлэлийнхэн Засгийн газартай гэрээ байгуулаад 5-6 хувиар л цалин нэмүүлдэг. Тэгээд амьдрал сайжрах юм уу” гэлээ.