Төр засаг үймсэн энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар багш, эмч нарын цалинг нэмэх болсноо мэдэгдэв. Багш нарын үргэлж хүсдэг зүйлийг Ерөнхий сайд алга урвуулахын төдийд шийдчихлээ.
Ирэх оны төсвийг өргөн барих үед багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй гэж байсан бол өөрийг нь огцруулах асуудал газар авч эхэлмэгц тэр дор нь шийдчихдэг юм байна. Харин цалинг нь 15-20 хувиар нэмэх болсонд багш нар баярлах болов уу.
Ямартай ч багш, эмч нарын цалинг нэмэх нь манай дарга нарт тийм ч хэцүү зүйл биш байж. Гэхдээ ажил хаялтад хүрч байж нэмүүлсэн цалин багш нарын амьдралд нэмэр болж чадах уу. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэмжээний нэмэр болох уу. Одоо авч буй цалин дээрээ 200-300 мянган төгрөг нэмж авлаа гээд наад захын хэрэгцээгээ хангаж хүрэх болов уу. 200 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлсэн багш, эмч нар банкны зээлээ хааж, дэлгүүрийн эзний дэвтэрт бичүүлсэн өрөө дарж чадах уу.
Энэ оны байдлаар манай улсын бүх шатны боловсролын байгууллагад 55,000 гаруй багш үндсэн орон тоонд ажиллаж байна. Тэд 2024 оны байдлаар сард дунджаар татваргүйгээр 2 сая төгрөгийн цалин авч буй мэдээллийг Үндэсний статистикийн хороо гаргасан. Татвар, шимтгэлээ хасвал ойролцоогоор 1.5-1.6 сая төгрөгийн цалинг авна. Энэ мөнгө дээр огцрох дөхсөн Ерөнхий сайдын амлалтыг оруулбал гар дээр 150-200 мянган төгрөг л нэмэгдэнэ.
Монголд уул уурхайн салбарын ажилчдаас бусад нь хол зөрүүгүй цалин авдаг. Тухайлбал 2017 онд багш нар 720 мянган төгрөгийн цалин авдаг байх үед улсын дундаж цалин 944 мянган төгрөг байв. Харин тэд өнөөдөр 2 сая төгрөг авч байгаа үед улсын дундаж цалин 2.3 сая төгрөг болсон байна. Энэ үзүүлэлтээс харахад багш нарын цалин тогтмол нэмэгддэг бөгөөд улсын дунджаас ялгаагүй байгаа юм. Асуудал цалиндаа биш.
Улсын дундаж цалин болон боловсролын салбарын цалингийн мэдээлэл (2001-2024 он):
1,000 ам.доллар нэхсэн шаардлага хөрсөн дээрээ 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл болж буулаа
Багш нарын цалингаа нэмүүлэх жагсаал удаан үргэлжилж байгаа. Тэд энэ намар удаа дараа жагсаж, цалингаа 1,000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр “Үндсэн цалинг маргаашаас эхлэн шууд 3.5 сая болгох ямар ч эдийн засгийн боломж байхгүй. Ингэж нэмбэл 3.3 их наяд төгрөг дахиад нэмэх шаардлагатай болно.
Тэгэхээр багш ажилчдын цалинг шууд 3.5 сая болгох нь хэцүү. Бид гурван жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгон шат дараатай нэмж, багш нарын зориод байгаа цалингийн нэмэгдлийг бүгдээрээ ярилцаад явъя” гэж мэдээлсэн. 1,000 ам.доллар нэхсэн шаардлага хөрсөн дээрээ 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл болж буулаа.
Гэхдээ тус шийдвэр энэ онд багтаж хэрэгжихгүй. Засгийн газар 2026 оны төсөв дээрээ орон зай гаргаж буй хэрэг бөгөөд хэрэв УИХ-аар батлагдвал 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалин 150-200 мянган төгрөгөөр нэмэгдэх юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлж буйгаар боловсролын салбарын багш, ажилтнууд, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, ахмад насны тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Өдрөөс өдөрт хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй манай улсад багш, эмч нарын цалингийн 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл нь ердөө 10 кг үхрийн мах авахад хүрэх мөнгө юм. Угтаа Засгийн газар боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын шаардлагыг 10 кг үхрийн махаар аргалахаар оролдлоо гэхэд хилсдэхгүй. Тиймээс багш, эмч нар минь үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан хэвээрээ байгаарай.
Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт 2021.01.27-2025.10.13
Өөрийнхөө хэрэгцээг САГСАНД ХИЙГЭЭД тооцоолоод үзээрэй!
Хэрэглэгч та өөрийн өрхийн 7 хоногийн гол нэрийн бүтээгдэхүүнээ сагслаад 2021 оны 1 дүгээр сард ямар хэмжээний мөнгөөр худалдан авч байсан болон одоо хэдэн төгрөгийн худалдан авалт хийж болохоо харьцуулж үзээрэй.