Украины дайнаас улбаалсан бодрол

  • “Ялалт-80” ба Жуковын тактик
  • Дронд дөрлүүлсэн эмгэнэлт хувь заяа
  • Оросын харгис харизм
  • Будапештад эвгүй юм болох вий

Би бээр Лондонд амьдардаг зураач хүн. Цагаач дүрвэгч биш, хууль ёсоор оршин суугаад хорин хэдэн жил болжээ. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. Би түрэмгий дайныг эсэргүүцэгч. Миний бичсэн бол ердөө л цөлх хар ухааны ажиглалт зураглал. Би судлаач биш, түүхч биш. Зурдаг, бичдэг уран бүтээлч гэж ойлгоорой!

Хорвоо дэлхийд ч, манайд ч улс төрийн амьдрал ид халж, дэлбэрэх вий дээ гэмээр л болж байна даа. Энд ч сөргөлдөөд, тэнд ч байлдаад. Энэ хорвоо Дэлхийн II дайны өмнөх байдал төлөвт орж байна гээд л дэлхийн нэртэй том том аналитикууд шуугьцгаана. Хүн төрөлхтөн бүгдээрээ, түүний дотор монголчууд бид ч, хүссэн хүсээгүй Дэлхийн III дайны ирмэг дээр ирж байх шиг муу совин татна. Яаж шүү төгсдөг юм бол доо?

Дэлхийн II дайн нь технологийн эрэмбээр “Механизм”-ын дайн байсан бол өнгөрсөн 80 жилийн дотор шинжлэх ухаан-техник, технологи үсрэнгүй хөгжөөд, үүний үр дүнд Орос-Украины дайн технологийн бүтэн нэг эрэмбэ-автоматизмын эринийг шүргэн өнгөрөөд компютержсэн “Хиймэл оюун ухаан”-ны дайнд гулсаад орчихлоо.

Ердөө арваадхан жилийн өмнө амьдралд дөнгөж ”хөл тавьж” байсан “Дрон” гэгч “бяцхан хүүхэд” хоромхон зуур өсөн өндийж “насанд хүрч” цаашдаа улам өсөж, улмаар дэлхийн хувь заяаг шийдэгч болж тун магадгүй байдалд орж байх шиг байна. Гурван жил 8 сарын өмнө буюу ердөө 1300 зуу гаруйхан хоногийн өмнө оросууд Украиныг номхотгон дарах аян дайнд мордохдоо “Улаан тугаа мандуулан, улсын сүрээ бадруулан” олон зуун танк, их буугаар зэвсэглэн, нисэх хүчнээр дэмжүүлсэн механикжсан хүчирхэг арми, 300.000 цэрэг бүхий хүний олноор сүрдүүлэн довтолж ороод санаснаа гүйцээх нь гэдэгт бараг хэн ч эргэлзэхгүй байсан биз ээ.

Тийм ч учраас Оросын “Fake News-Русская Пропаганда”-д автсан барууныхны зарим нь Зелинскийд “Чи боль, 10 дахин их хүчтэй дэлхийн 2-р том армийг Та нар яаж дийлдэг юм” гэхэд зарим нь “Үтэр түргэн зугт” энэ тэр гэж байх вэ дээ. Гэтэл Зелинский гэдэг чанга украин эр “Би зугтахгүй ээ. Эх орноо хамгаална. Үхэх ёстой бол үхнэ л биз. Тэгж их санаа зовоод байгаа бол зэвсгээр л тусалчих” гэж хэгжүүн хэлж байхдаа “дрон” гэгчээр дараа нь алаад хаяна аа оросуудыг гэж бодоогүй л байх л даа.

Путин бол бүр ч бодоогүй төсөөлөөгүй, тэр ч манандаа одоо төөрсөөр явна. Тийм ч учраас тэрбээр дайныг итгэл төгс эхлүүлсэн. Жо Байдан ч тэгж бодоогүй учраас дээрх үгийг хэлсэн байх. Нэг үгээр бүгд л “Технологийн шинэ эрин” нэгэнт ирчихсэн байна гэдгийг ойлгоогүй, эсхүл цаг нь арай болоогүй гэж үзэж байсан бололтой. Гэвч дайны өрнөл хар аяндаа “ДРОН” гээч нэгэн “чөтгөр”-ийг төрүүлжээ. Арав гаруйхан жилийн өмнө жижиг сажиг ачаа зөөж, зураг авах төдийхөн үүрэг гүйцэтгэж байсан дронууд тэсрэх бөмбөг тээсэн аймшигт “чөтгөр” болон хувирав. “Дроны 100 оператор 20 000 явган цэрэгтэй тэнцэнэ” гэсэн мэдээ английн хэвлэлд явж байна.

зураг
 

Хүний олноор сүрдүүлдэг цаг өнгөрөөд байхад манай “орос ах” нар ухаардаггүй ээ. “Нүдээ аниад” л дайраад байна. Өч төчнөөнөөрөө үхээд л байдаг, үхээд л байдаг, дайраад д байдаг. Хайран оросын иргэн, олон үндэстний залуус. Гэвч энэ бол байх л ёстой гарз гэж үздэг нь тэдний түүхэн уламжлал юм. Их гүрний империалист үзэл олон зуунаар орос тархинд гүн суусан шүү.

Олон зууны турш “Патриотизм” гэдэг сайхан үгээр тархийг нь угаасаар байгаад жирийн орос хүмүүс ч тэгж боддог болчихсон юм биш үү? Украиныг эзлэх санаатай энэ дайныг дэмжээд байгаа ард иргэдийг нь харахаар тэгж бодогдох юм. Тэгээд л би оросуудыг харгис харизмтай гээд байгаа юм.

Одоо Орос гүрэн нэгэнт “фашист” маягийн орон болжээ. Түүнийг соёлт ертөнц хүлээн зөвшөөрч тэдэнд “Рашист” гэдэг нэр оноов. Оросын Төр 300 гаруй жил оршин тогтнохдоо олон дайн өдөөж, олон арван (зуун) сая эрчүүдээ золиосонд гаргасан. Европт нацизмыг дарж авсныхаа дөнгөж дараахан нь Британы цельдмаршал Монтгомэри Ялгуусан Улаан армийн маршал Жуковоос “Та яагаад хүний хүчээр давамгайлах тактик баримталдаг юм бэ” гэж асуухад “Танк гэдэг чинь үнэтэй эд шүү дээ” гэж хариулж нөгөөхийнхөө амыг ангайлгажээ. Хээв нэг ярьсан байгаа юм:–Улаан армид танк их буу маш үнэ цэнтэй, мина булсан талбай, намаг шавар руу эхлээд явган цэргээ оруулан замаа цэвэрлэн давшдаг байсан гэж. Монтгомэри нь хожим дурсамждаа “Бидний өөдөөс Улаан армийн жанжин биш араатан сууж байв” гэж Жуковыг маань цоллож бичжээ.

Аугаа их эх орны дайны үеийн нэгэн аймшигт хядлагын нэг бол энэ дайны түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн “Ржевийн тулалдаан” буюу оросуудын өөрсдийнх нь нэрлэдэгээр “Ржевская мясорубка” (Ржевийн махан таташ) гэдэг гунигт түүх юм. Аймшигт тулалдааны явцад стратегийн онцын ач холбогдолгүй нэгэн жижиг өндөрлөгийг эзлэн авахаар Жуков шийджээ. Тэр өндөрлөгийн оройд ашигтай байрлал эзэлсэн германчууд бэхлэлт байгуулчихсан. Оросын цэрэг дайрах задгай тал тэдний алган дээр тавьсан мэт харагддаг байж л дээ. Ямар сайндаа л бэхлэлтээс галлаж байсан герман цэргүүд, амиа үл тоон мугуйдлан дайрч байгаад өөрийнх нь суманд оногдон хиарч байгаа зуун зуун цэрэг эрсийг нь хараад зүрх алдаж байсан тухайгаа хожим дурсамждаа бичиж үлдээсэн гэж би лав уншиж байсан. Цэргийн мэргэжилтэн байтугай жирийн хүн ч энэ чиглэлээр дайрвал алуулж дуусна гэдэг нь ойлгомжтой байтал харгис Жуков энэ өндөрлөгийг заавал тэр задгай талаар давшиж байгаад дайрч эзэлнэ гэдэг аймшигт тушаал өгсөн байгаа юм. Тэр жижиг өндөрлөгийг авах гэж 100 000 зөвлөлтийн улаан цэрэг эрс хядуулсан. Урдаас нь герман цэргүүд буудаад араас нь НКВД-гийн пулемётчид галлаад хөөрхий тэднийг ямар ч утга учиргүй хядуулж байжээ. Чухам Жуковын энэ харгис, хүний үнэргүй зан чанар л Сталинд таалагддаг байжээ.

Берлинийг эзлэхдээ хүн хүчний хохирол аль болох бага байхаар төлөвлөсөн маршал Коневын дэвшүүлсэн саналыг чухамүү Жуков л бут ниргэсэн. Тэр “Махны машин”-аа ажиллуулахаар шийдсэн. Сталин түүнийг дэмжсэн. Золиосонд нь өнөөх л заяагүй хөөрхий зөвлөлтийн цэрэг эрс түм бумаараа амь үрэгдсэн. Хүний олон сайхан хөвгүүдийг хядчихаад, хядуулчхаад “Санаа зоволтгүй ээ, орос эх бидэнд цэрэг эрийг төрүүлээд өгнө” гэж тэр л эрээ цээргүй хэлж чадна. Сталины ивээлд баттай орсон Жуковын нэр хүнд түүнийг үхсэнээс хойш унаж эхэлсэн. Гэвч зальтай Хрущев түүнийг өөрийн хуйвалдаандаа ашиглаж байгаад хожим нь БХЯ-ны сайдын албан тушаалаас зайлуулснаар барахгүй БХЯ-ны дэргэдэх Аугаа их эх орны дайнд оролцсон нэрт генерал, адмирал, маршалуудаас бүрдсэн “Генералуудын ерөнхий байцаагчдын зөвлөл”-д (Группа генеральных инспекторов при МО СССР) багтаагаагүй цорын ганц маршал юм. Томилогдон очсон газар бүрдээ дэг журам тогтоох нэрээр буудан алах тушаалаар ажлаа эхэлдэг байсан түүнд тэр үеийн СССР-ийн Армийн дээд элитүүд дургүй байсан. Зарим нь бүр үзэн яддаг байж.

зураг
 

Орчин цаг үе рүү татан авчирч жишээлье. Жуков-Сталин-Путин нар холбоотой юу? Өнөөдөр Оросыг “Фашист-Рашист” гүрэн гэж сэрэмжлүүлэн, бас доромжлон нэрлэдэг. Би яагаад энд өнгөрсөн баларсан Жуков-Сталиныг яриад байна гэхээр Путин яг тэдний “заасан замаар” явж байна. Саяхан Трампын мэдэгдсэнийг үзвэл, Оросын амьд хүчний хохирол 1.500.000-ыг давжээ. Шархдагсдыг энэ тоонд оруулаагүй. Энэ бол аймшигтай дайн. Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүнд хохирол дагуулсан үйл явдал” гэж тэрбээр хэлжээ.

Мэдээж Путин бол нүдэнд дулаахан хүн, лав монголчуудын. Түүний нүдэнд дулаахан төрх, ёжтой зөөлөн инээмсэглэл хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлээд байх шиг байдаг. Гэтэл яагаад ийм “дулаахан” царайн цаана ийм аймшигт “мангас”-ын гэмээр араншин нуугдав? Брежнев мөн л нүдэнд дулаахан, сайхан хүн байсан. Зөөлөн хүн байсан гэдэг. Ямар сайндаа оросууд “Удобный лидер” гэж нэрлэх вэ дээ. Гэтэл тэр “зөөлөн” хүн Афганы дайныг эхлүүлэх сүүлчийн тушаалыг өгсөн. Олон мянган зөвлөлтийн цэрэг эрсийг дайны гал руу шидсэн. Брежнев бол бас л нэг аймшигт “мангас”. Эндээс ямар дүгнэлтэд хүрч болох вэ?

Эцсийн эцэст хэчнээн сайн, сайхан хүн байгаад ч Орос орон нийгмийн ямар байгууламжтай болсноос үл шалтгаалан Оросын Эзэнт гүрний үеэс эхтэй үе залгамжилсан аймшигтай харгис, эзлэн түрэмгийлэх “Хар хайрцаг”-ны бодлогоос гажих эрхгүй. Тэд рояалист, консерватив, народник ч бай, коммунист-большевик, социал-демократ ч бай, энэ бодлогоос урвахгүй гэж “тангараг” өргөсөн. Асуудлын учир энд л байна. Хэрэв одоо дайныг ямар нэг аргаар зогсоогоод Оросыг сул орхивол, арав хорин жилийн дараа хөл дээрээ босоод эргээд л нөгөө эзлэн түрэмгийлэх “Хар хайрцаг”-ны бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг энэ дайн харуулж байна.

Энд би 1994 оны “Будапештын Меморандум”-ыг сануулъя. “Меморандум” гэдэг нь “Memory буюу “санах, дурсах” гэдэг утгатай латин үг гэж Wkikipedea-д бичжээ. Амалснаа санаж яваарай гэж энэ “Меморандум”-ыг байгуулж, гарын үсэг зурцгаасан. Гэтэл оросууд “Бид хэзээ ч Украин руу дайрахгүй” гэж амлаж байгаад Украины цөмийн зэвсгийг хураалгасан. Тэдний “сайхан” үгэнд итгэж байсандаа маш их харамсаж байгаагаа АНУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон одоогийн энэ дайныг эхлэхийг хараад хэлж байсан. “Оростой байгуулсан гэрээ гэдэг бол зүгээр л цаас юм байжээ” гэж хэлж байсан Пруссын (Герман) Канцлер Отто Бисмаркийн хэлсэн үг германчуудын орой руу оржээ.

Ёстой итгэж болохгүй юм байна, энэ оросуудад гэж Европ ч, Америк ч, соёлт хүн төрөлхтөн ойлгож байна. Энэтхэг хямд үнэтэй Оросын газрын тосноос татгалзахаар болж байна. Тийм учраас одоо л энэ түрэмгийлэгчийг дарахаас өөр сонголт алга гэж Ерөнхийлөгч Трамп шийдэж байх шиг байна. Трамп удахгүй Будапештэд очиж Путинтэй уулзах гэж байгаагийн цаад учир нь дээрхи “Будапештын Меморандум” байх шүү. “Оросууд Та нар 31 жилийн өмнө энэ хотод хэнд, юу гэж амласнаа мартаагүй биз?” гэсэн далд мессэж байх шүү. Хэрэв тэнд Путин гөжвөл “Америкчууд бид бол харин Украиныг хамгаална гэж амласнаа мартаагүй” гэж хэлэх байх. Тэгээд л аймшигт “Томагавк”-ууд Кремлийг онилон нисэлдэх байх даа…

 

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2025.10.17

More From Author

АНУ-ын нэг мужийн захирагч Лас-Вегасын казинод тоглоод $1.4 саяыг хожжээ

Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн