АНУ-ын нэг мужийн захирагч Лас-Вегасын казинод тоглоод $1.4 саяыг хожжээ

АНУ-ын Иллиной мужийн захирагч өнгөрсөн онд Лас-Вегасын казинод тоглоод $1.4 саяыг хожсон нь түүний татварын тайлангаас ил болжээ.

Захирагч Ж.Б.Прицкер эхнэр, найз нарын хамт Лас-Вегаст амарч байхдаа ийм хэмжээний мөнгө хожсон юм байна.

Ардчилсан Намаас хоёр удаа мужийн захирагчаар сонгогдсон тэрбээр Hyatt зочид буудлын сүлжээний өв залгамжлагч бөгөөд Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $3.9 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Прицкер хожсон мөнгөө буяны үйлсэд хандивлахаар төлөвлөснийг хэвлэлийн төлөөлөгч нь өчигдөр мэдээлсэн байна. Гэхдээ одоог хүртэл яагаад хэрэгжүүлээгүйг нь сэтгүүлчид асуухад хариулаагүй юм.

Пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Прицкер энэ хожлоо “гайхалтай аз” гэж тодорхойлсон байна.

Тэр өмнө нь Чикагогийн Покерын Сорил нэртэй буяны байгууллага байгуулж, цуглуулсан мөнгөө Иллиной мужийн Холокостын музей, Боловсролын Төв зэрэгт хандивлаж байжээ.

Прицкер болон түүний гэргий Мэри Кэтрин нар 2024 онд нийт $10.6 саяын орлого олсон нь ихэвчлэн ногдол ашиг, хувьцааны өсөлтийн ашиг байсан байна.

Тэд $5.87 саяын татвар ногдох орлогод нийт $1.6 саяын татвар төлжээ.

Прицкер хожлынхоо талаар “Хэт удаан тогловол олсон бүгдээ алддагийг казинод ордог хүн бүр мэднэ. Би тийм зүйл тохиолдохоос өмнө амжиж явсан нь аз байлаа” гэж ярьсан байна.

Тэрбээр сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай зөрчилдөж, түүний үндэсний гвардын цэргийг Чикаго хотод оруулсан шийдвэрийг хүчтэй шүүмжилж байгаа.

Трамп хариуд нь түүнийг болон Чикаго хотын дарга Брэндон Жонсоныг баривчлахыг уриалж, тэднийг хууль бус цагаачдын эсрэг ажиллагаа явуулж буй холбооны засгийн газрын ажилтнуудын аюулгүй байдлыг хангаагүй хэмээн буруутгасан юм.

Прицкер 2026 онд гурав дахь удаагаа мужийн захирагчийн суудалд өрсөлдөх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ

Украины дайнаас улбаалсан бодрол

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн