Нобелийн шагналт Хятадын физикч 103 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн алдартай физикчдийн нэгд тооцогддог Чэн Нин Ян 103 насандаа өвчний улмаас таалал төгссөнийг Хятадын төрийн төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр онолын физикч Ли Цүн Даогийн хамт 1957 онд физикийн салбарын Нобелийн шагналыг материйн үндсэн хэсэг болох эгэл бөөмсийн талаар чухал нээлт хийсэн ажлынхаа төлөө хүртэж байсан юм.

Ян бас Бээжингийн Цинхуа Их сургуулийн профессор, тус сургуулийн Ахисан Түвшний Судалгааны Хүрээлэнгийн хүндэт деканаар ажиллаж байжээ.

1922 онд зүүн Хятадын Аньхуй мужид таван хүүхдийн ууган нь болон мэндэлсэн тэрбээр аавынхаа математикчаар ажиллаж байсан Цинхуа Их сургуулийн хотхонд өссөн гэдэг.

Өсвөр насандаа Ян эцэг эхдээ “Хэзээ нэг өдөр би Нобелийн шагнал хүртмээр байна” гэж хэлж байжээ.

Тэрбээр энэ зорилгоо ердөө 35 настайдаа биелүүлсэн юм.

Ян эхлээд 1942 онд Куньмин хотын Баруун Өмнөд Үндэсний Их сургуулийг төгсөөд дараа нь Цинхуа Их сургуульд мастерын зэрэг хамгаалж байжээ.

Хятад-Японы дайны сүүлээр тэр Цинхуагийн тэтгэлгээр АНУ-д очиж, Чикагогийн Их сургуульд суралцахдаа анхны цөмийн реакторыг зохион бүтээсэн Италийн физикч Энрико Фермийн удирдлага дор ажиллаж байсан юм.

Түүнийг амьдралынхаа турш физикийн бүх салбарт маш их үр бүтээлтэй ажилласан гэдэг. Ян 1957 онд Альберт Эйнштэйний Дурсгалын шагналыг хүртэж, 1958 онд Принстоны Их сургуулийн хүндэт доктор болж байв.

Тэрбээр 1950 онд анхны эхнэр Чи Ли Тутай гэрлэж, гурван хүүхдийн эцэг болж байжээ.

2003 онд эхнэрээ нас барсны дараа Ян өөрөөсөө 50 насаар дүү Вэн Фантай гэрлэсэн байна.

Тэд 1995 онд Вэнийг оюутан байхад анх танилцаж, 2004 онд дахин учрахдаа гэрлэж байжээ.

Тухайн үед Ян хоёр дахь эхнэрээ “Бурхнаас хайрласан сүүлчийн хишиг” гэж магтаж байв.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Камбож улсад онлайн луйврын сүлжээнд ажиллаж байсан Өмнөд Солонгосын 64 иргэн эх орондоо буцаж иржээ

Ирланд улс сар бүр $1,500-той тэнцэх сул мөнгийг уран бүтээлчдэд тогтмол олгож байхаар болжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн