“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ЭРИНД МОНГОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТ БА БОЛОМЖ”

Б.Энхтүвшин: Техник, мэргэжилтний хувьд хязгаарлагдмал байгууллагууд ч технологийн шилжилт хийх боломжтой

Хиймэл оюун, үүлэн тооцоолол, 5G, дата удирдлага зэрэг ойлголтууд цаасан дээрх онол биш, харин байгууллагын өрсөлдөх чадвар, ашиг орлого, хэрэглэгчийн туршлагыг тодорхойлогч хүчин зүйл болоод байгаа билээ.

Иймд Монголын байгууллагууд ч хоцролгүйгээр дижитал шилжилтээ түргэсгэх хэрэгцээ шаардлага тулгараад буй. Энэ шилжилтийн тэргүүн эгнээнд Юнител группийн охин компани Nexmind ХХК зогсож, салбар бүрийн онцлог хэрэгцээнд тохирсон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

“Нексмайнд”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

зураг
 

– Дэлхий дахинд байгууллагуудад зориулсан технологийн чиг хандлага ямар байна вэ?

– Дэлхий даяар бизнесүүдийн хамгийн том зорилт бол датанд суурилсан шийдвэр гаргах датагаа зөв удирдах, үйл ажиллагаагаа ухаалаг болгож оновчлох, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад анхаарч байна. 

Нөгөө талаас хиймэл оюуны хэрэглээ маш хурдтай нэмэгдэж байна. IDC-ийн судалгаагаар ирэх жилүүдэд бизнесийн хиймэл оюунд хийх хөрөнгө оруулалт 307 тэрбум ам.долларт хүрнэ (IDC) гэсэн тооцоо гарсан нь энэ технологи зөвхөн тренд биш, харин бизнесийн зайлшгүй шаардлага болж хувирсны нотолгоо.

Бас өөрсдийн өгөгдлийн сан, өөрт тохирсон сервер гэх мэт технологи үйлчилгээг, мөн датагаа зардал бага, уян хатан удирдах боломжийг олгодог Cloud технологи өнөөдөр зөвхөн том компаниудын хэрэгсэл биш, жижиг байгууллагууд ч ашиглах боломжтой болсон. Гартнерын судалгаагаар 2025 он гэхэд компаниудын 85% нь Cloud орчинд бүрэн шилжинэ гэсэн тооцоо гарсан нь энэ чиг хандлага ямар хүчтэй явааг харуулж байна. (Gartner).

Үүнээс гадна 5G ба IoT-ийн шийдлүүд уул уурхай, үйлдвэрлэл, логистикт бүтээмжийг 20–30%-иар өсгөж байна. Гэхдээ технологийн хөгжилтэй зэрэгцээд мэдээллийн аюулгүй байдал хамгийн том сорилт болж байгаа. 

– Монгол байгууллагуудын цахим шилжилт ямар түвшинд явж байгаа бэ? Тулгардаг гол асуудлууд, түүнийг шийдэх ямар боломжууд байна вэ? 

Судалгаагаар, манай улсад интернэт өртөг дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд,  хүртээмжийн түвшин ч бүс нутагтаа өндөрт тооцогддог. (World Population Review).  Энэ бол давуу тал.

Гэвч Монголын нөхцөлд байгууллагуудад тулгарч буй хэд хэдэн бэрхшээлүүд бий.

Нэгдүгээрт: Cloud инженер, дата аналитик, кибер хамгаалалтын мэргэжилтэн манайд маш цөөхөн. Энэ нь байгууллагууд шинэ технологи нутагшуулах ажлыг удаашруулдаг.

Хоёрдугаарт мэдээллийн аюулгүй байдал. Байгууллагын дотоод мэдээлэл алдагдах, гаднаас халдлага ирэх эрсдэл өндөр. Банк, төрийн байгууллууд тодорхой хэмжээнд өөр өөр аргаар халдлагаас сэргийлсэн байдаг бол жижиг дунд байгууллагууд эрсдэлд өртөх магадлал өндөр байсаар байна. 

Мөн зардлын асуудал. Олон улсын шийдлийг шууд аваад хэрэгжүүлэхэд өртөг өндөр. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд энэ бол томоохон дарамт болдог байсан. Гэхдээ энэ бүх бэрхшээлийг ямар ч бизнесийн байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтарч зардал багаар шийдэх боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.

“Дижитал шилжилт нь бүх төрлийн байгууллагын хувьд өсөлт, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болоод байна.”

– Тэгвэл байгууллагуудад тулгараад байгаа эдгээр хэрэгцээг аль болох богино хугацаанд хангах, дижитал шилжилтийн боломжийг бүрэн ашиглахад танай компани ямар шийдэл санал болгож байгаа вэ?

– Юнител групп МХХТ-ын салбарт олон улсын түвшний технологи, шийдлүүдийг дотоод үйл ажиллагаа болон хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээндээ нэвтрүүлж ирсэн туршлагатай.  Олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн туршлагатай баг, дэвшилтэт дэд бүтэц аль хэдийн бүрдсэн.

Тиймээс олон жилийн туршлага, мэргэжлийн нөөцдөө тулгуурлан байгууллагуудад зориулсан ухаалаг, ашиглахад хялбар, хүртээмжтэй цогц үйлчилгээ санал болгох зорилгоор “Нексмайнд” ХХК-ийг байгуулан ажиллаж байна.

Бид байгууллага бүрийн хэрэгцээ, онцлогийг зөв оношилж, түүнд тохирсон технологийн шийдлийг нэвтрүүлснээр тухайн байгууллагад стратегийн томоохон өсөлтийн боломжийг нээж өгөх зорилготой ажиллаж байна.

Дэлхий даяар технологийн шинэ шийдлүүд бизнесийн тоглоомын дүрмийг бүхэлд нь өөрчилж байна. 

– Байгууллага бүр технологийн хөгжлийг өөрийн нөхцөл боломжид нийцүүлэн нэвтрүүлж, үр ашгаа нэмэгдүүлэхийг зорьдог. Тэгвэл орхигдуулаад байгаа, эсвэл бүрэн ашиглаж чадахгүй байгаа боломж юу гэж харж байна вэ?

– Асар их боломжийг агуулж байгаа зүйл бол дата буюу өгөгдөл. Өнөөдөр ямар ч түвшний байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч өгөгдөл өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь 2023 онд өдөрт дунджаар 3TB /терабайт/ орчим датаг боловсруулдаг байсан бол өнөөдөр энэ тоо 7TB-д хүрээд байна. 1ТВ дата гэдэг бол 7 сая гаруй бичгийн цаас дүүрэн текст гэсэн үг. 2028 он гэхэд 20TB хүрэх төлөвтэй байгаа нь өгөгдлийн өсөлтийн хурдыг илтгэнэ.

Байгууллагуудын хувьд орхигдуулаад төдийлөн бүрэн ашиглаж чадахгүй байгаа зүйл нь өгөгдлөө боловсруулах, өгөгдөлд суурилсан бизнесийн шийдвэр гаргалтдаа ашиглах нь хомс байна  уу гэж харж байна. 

Өгөгдлийг үр ашигтай ашигласнаар бизнесийн шийдвэр гаргалт 5-6 дахин нэмэгдэх мөн бизнесийн шинэ боломж гарч ирэх, зах зээлээ тэлэх, харилцагч үйлчлүүлэгчээ илүү их таних тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох гээд маш олон эерэг үр дүнтэй. 

Өгөгдөл бол өнөө цагийн хамгийн үнэт баялаг. Тиймээс байгууллагууд өгөгдлөө боловсруулах нь зардал бус бизнесээ өсгөх хөрөнгө гэж үзэх хэрэгтэй. 

Нексмайнд компанийн хувьд энэхүү үнэт баялгийг хадгалж хамгаалж боловсруулах чиглэлд ажилладаг. Үүний нэг нь бид эх орондоо байрлах, олон улсын стандартад нийцсэн Tier 3 стандартыг хангасан дата төвдөө байгууллагын мэдээллийг найдвартай, тасралтгүй, хяналттайгаар хадгалах орчныг бүрдүүлсэн. Үүнээс гадна илүү уян хатан, дэд бүтцэд өндөр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгож ашиглаж боломжтой Cloud үйлчилгээг ч нэвтрүүлсэн. Тиймээс аль нэгийг нь эсвэл хослуулан авч ашиглах ч боломжтой. 

Цаашлаад бид өгөгдлийг боловсруулах шийдлүүдийн үйлчилгээ дээр төвлөрч байна. Их өгөгдлийг бүрэн боловсруулдаг болсноор байгууллага үйл ажиллагаандаа  AI нэвтрүүлэх суурь дэд бүтэц болох юм. 

– Cloud үйлчилгээ гэхээр анхаарал татаад байна?

– Монголын нөхцөлд ихэнх байгууллага Amazon, Google зэрэг гадаадын Cloud үйлчилгээ ашигладаг. Энэ нь технологийн хувьд ахиц боловч нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдал, дата бүрэн эрхийн асуудал дагуулдаг. Тиймээс бид Cloud технологийг хөгжүүлж, Монгол Улсад байрлах, олон улсын стандартад нийцсэн дата төвүүдэд байгууллагуудын мэдээллийг найдвартай хадгалах орчныг бүрдүүлээд байна. Ингэснээр мэдээллийг дотооддоо хадгалах, хурдан хандах, хууль ёсны хамгаалалттай байх, боловсруулах зардлыг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгож чадсан.

Ер нь технологийн салбар бол үргэлж түрүүлж хөгждөг, харин бодлого, шийдвэр, хэрэглээ нь араас нь дагаж гардаг. Өөрөөр хэлбэл “араасаа дагуулдаг” салбар. Тиймээс улс нийтээрээ энэ чиглэлд ямар технологи нэвтэрч, дэлхий хаашаа чиглэж байгааг анхаарч, тандаж, цаг тухайд нь бодит үйлдэл хийдэг байх шаардлагатай. Cloud технологи бол тэдгээрийн нэг жишээ. 

– Энэ оны 5 сард Монгол улс 5G сүлжээг албан ёсоор нэвтрүүлж, нээлтээ хийсэн. Олон улсад энэ технологийг ашиглаж буй олон жишээ харсан. Манай улсад яг бодит нөлөө нь хаана гарч байна вэ?

– 5G технологи бидний өдөр тутмын хэрэглээнд одоохондоо мэдэгдэхүйц ялгааг авчраагүй мэт боловч аж үйлдвэр, бизнесийн салбарт түүний нөлөө илүү бодитоор мэдрэгдэнэ.

5G-ийн хамгийн том давуу тал нь өндөр хурд, хоцрогдолгүй байдал. Энэ нь бодит цагийн хяналт, автоматжуулалт, IoT төхөөрөмжүүдийн уялдаа, алсын зайн удирдлагад зайлшгүй шаардлагатай технологи.

Жишээ нь Nexmind ХХК уул уурхайн салбарт  автомат жолоодлого, түлшний хяналт, жолооч, аюулгүй ажиллагааг хянах систем гэх мэт зөвхөн бүтээмжийг нэмээд зогсохгүй, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хүн төвтэй шийдлүүдийг хэдийн нэвтрүүлэн ажиллаж байна.  Цаашид 5G технологи нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад маш том үүрэг гүйцэтгэнэ. Уул  уурхай, эрчим хүч, логистик, эрүүл мэнд, ухаалаг хот зэрэг салбаруудад нэвтэрч, дата дамжуулалт, автоматжуулалт шинэ түвшинд гаргах чухал түлхүүр нь гэж ойлгож болно. Хол санагдаж магадгүй. Гэхдээ хэдийн манайд нэвтрээд эхэлсэн. 

Уул уурхайн салбарт бид 5G технологид суурилсан шийдлүүд нэвтрүүлэн бүтээмжийг сайжруулж үр ашгийг нэмээд зогсохгүй, ажилтны аюулгүй байдлыг хамгаалж байна. 

– Танайх технологийн компани тул шинэ технологиудыг нэвтрэхээс өмнө хаана ямар чиглэлд хөгжиж байгааг харж чаддаг байх. Харин хэрэглэгч байгууллагууд тийм мэдээлэлгүй, юунд анхаарч, ямар шийдэл хэрэгтэйгээ бүрэн тодорхойлох нь амаргүй шүү дээ. Танай шийдлүүдтэй танилцахаас өмнө хэрэглэгчид юуг хамгийн ихээр хүсдэг вэ?

– Хэрэглэгчид нэг зүйлд хамгийн их анхаардаг. Тэр бол найдвартай байдал. Интернэт тасалдахгүй, хурдтай байх. Хоёрдугаарт, хэтэрхий төвөгтэй биш, ойлгомжтой шийдэл. Техникийн өндөр мэдлэггүй хүн ч ашиглаж чадахаар байх ёстой. Гуравдугаарт, бодит үнэ цэн. Өөрөөр хэлбэл, технологийг нэвтрүүлсний дараа хэрэглэгч эсвэл байгууллага хэмнэлтээ, өсөн нэмэгдэж буй бүтээмжээ мэдрэх ёстой. Үүн дээр манай байгууллагын зорилт, хэрэглэгч байгууллагын хэрэгцээ шаардлага огтлолцож байгаа юм. 

– Тэгвэл хэрэглэгч байгууллагууд технологийн эринд  бэлэн байна гэж ойлгож болох уу? 

– Хүн бүрийн хувьд бүрэн бэлэн болсон гэж хэлэхэд эрт. Мэргэжлийн боловсон хүч хангалтгүй, сургалт дутмаг байгаа нь үнэн. Гэхдээ бид эдгээр үнэ цэнийг өгөх энгийн, ойлгомжтой, зарим тохиолдолд нарийн мэргэжлийн инженерийн баггүй байсан ч ашиглаж болохоор хөгжүүлсэн. Жишээ нь Managed Networк үйлчилгээ байна. Байгууллагууд интернэт сүлжээний хэрэглээгээ real time харах боломжгүйгээс болоод төлбөр төлсөн хэмжээндээ интернэтээ ашиглаж чадаж байна уу гэдгээ мэддэггүй.

Харин одоо бол байгууллагынхаа хэрэгцээнд тохирсон интернэт, IPTV, төхөөрөмжүүдийг бүгдийг нэг дороос авах боломжтойгоос гадна гар утас эсвэл компьютераасаа сүлжээгээ бүрэн удирдах боломжтой болсон. Нэмж хэлэхэд бид зөвхөн төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй хамт сургалт, зөвлөх үйлчилгээ өгдөг. Ингэснээр хэрэглэгч болон ажилтнуудыг зэрэг бэлтгэж байгаа гэсэн үг. 

– Энгийн ойлгомжтой технологи гэхээр ашиглаж буй төхөөрөмжийг сонирхмоор байна.

зураг
 

Ашиглаж буй төхөөрөмжийн хувьд ганц жишээ дурдахад: “Нексмайнд” ХХК дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын нэг Huawei-ийн байгууллагад зориулсан шийдлийн тоног төхөөрөмжүүдийг Монголд нэвтрүүлэх Solution Strategy Partnership болсон. Энэ хамтын ажиллагаа нь Монголын байгууллагуудад зориулсан цогц бизнесүүдийг дэлхийн дижитал экосистемтэй зэрэгцүүлэн хөгжүүлэх стратегийн алхам гэж харж байна. 

– Байгууллагуудын хувьд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд боломж гэж хэлж болох нь ээ?

– Мэдээж тийм. Зардлаа хэмнэж, бүтээмжээ өсгөхөд шууд нөлөөтэй. Тухайлбал, тоног төхөөрөмжийн доголдлыг зайнаас шууд илрүүлэх, бодит цагийн хяналт хийх нь алдагдлыг урьдчилан харж, багасгана. Мөн дижитал орчинд ажиллах нь салбар, бүс нутаг үл харгалзан зах зээлээ өргөжүүлэхэд түлхэц болдог.

Үүний үр дүнд байгууллага нэмэлт салбар нээх, шинэ үйлчилгээ турших гээд боломжууд нээгдэх юм. Нэг байгууллагаас тоног төхөөрөмж, программ хангамж, техникийн дэмжлэг, нэмээд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах цогц үйлчилгээ авах нь зардлыг бууруулахаас гадна, бүх системийг нэг дороос хянах давуу талыг бий болгоно. Энэ бол бизнесүүдийн хувьд асар их цаг хугацаа, зардал хэмнэх “стратеги” юм.

– Цаг гарган сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

 

More From Author

ФОТО: Эмч, эмнэлгийн ажилтнууд “Ажилласаар, ядуурсаар, цөхөрсөөр”…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн