“Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр тавьсан илтгэлээс онцлох зүйлсийг хүргэж байна.
1945 оны Ард нийтийн санал хураалт монголчуудын сэтгэлгээнд хэрхэн нөлөөлөв?
1945 оны Ард нийтийн санал хураалт нь Монголчуудын олон жилийн чин хүслийн биелэл, тэмцэл зүтгэлийн үр дүн болохын хувьд нийгэм, хүн ардын оюун сэтгэлгээнд олон эерэг зүйлийг авчирчээ.
Тухайлбал, санал хураалтад улсын харьяат олон овог угсаа, ястнууд, нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөгчид эрх тэгш оролцсон нь эх орноо дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэх үзлийг нийгмийн сэтгэлгээнд бат суурьтай
болгож, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын иргэний омогшил бахархлыг төрүүлж, монгол хүн бүр эрх чөлөөт байдлаа мэдрэх, нийгэм, төрийн хэрэгт идэвхтэй, шууд оролцох чадвар бүхийг харуулсан.
Эх орон, өөрсдийн сайн сайхны төлөө дэвшин дэгжих зориг хүслийг хөгжөөж, түүний тулд нийтээр сурч боловсроход шамдах учиртайг ухамсарлахад чухлаар нөлөөлж, нэн ялангуяа, бичиг үсэг сурах хөдөлгөөн нь нийгмийн өмнө тулгамдсан зорилт дэвшүүлж, хөгжлийн дараагийн үед эрчимтэйгээр явагдах, зайлшгүй хэрэгжих хэрэгцээ шаардлагыг бий болгосон билээ.
Санал хураалт нь Монголын төр тогтвортой, хүчтэй байх уг үндэс нь иргэдийн идэвх оролцоо, дэмжлэг, үндэсний эв нэгдэл байдаг түүхэн сургамжийг өгснөөс гадна төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталж, сонгуулийн “бүх нийтийн” байх зарчмыг хэрэгжүүлснээрээ ихээхэн үнэ цэнтэй гэдгийг илтгэлд онцолжээ.
Уг эрдэм шинжилгээний хурлын үр дүнд манай улсын тусгаар тогтнол ямар хатуу давааг давж бий болсон, цаашид хэрхэн хайрлан хамгаалж явах ёстой талаар ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлахад чиглэсэн зөвлөмж гаргах аж.
1945 оны Ард нийтийн санал хураалтын талаар дэлгэрэнгүй түүхийг унших бол ЭНД ДАРНА УУ.