Трамп дэлхийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө Өмнөд Америк руу илгээлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Карибын тэнгис дэх өөрийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг улам өргөжүүлэх арга хэмжээ авч, дэлхийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч гэгддэг Gerald Ford хөлгийг энэ бүс нутагт илгээжээ.

Одоо Өмнөд Америк тивийн хойд эргийн ойролцоо Карибын тэнгисийн усанд АНУ-ын найман байлдааны хөлөг, цөмийн хөдөлгүүртэй нэг шумбагч хөлөг, F-35 сөнөөгч нисэх онгоцнууд байрлаж байгаа.

Тэдгээрийн зорилго нь Латин Америкийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн хар тамхины тээвэрлэлтийг таслан зогсоох юм.

Өчигдрийн алхам нь АНУ болон Венесуэл улсын хооронд үүссэн зөрчлийг улам хурцатгах төлөвтэй байна.

Вашингтоны эрх баригчид Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины наймааг дэмжиж, ашиг хүртдэг хэмээн буруутгаж байгаа.

2017 онд ашиглалтад орсон, 5,000 усан цэрэг байрлуулах багтаамжтай Gerald Ford бол АНУ-ын хамгийн орчин үеийн нисэх онгоц тээвэрлэгч бөгөөд дэлхийд хамгийн томд тооцогддог.

Уг хөлөг хэдхэн хоногийн өмнө Европ тив, Гибралтарын хоолойд аялж байсан мэдээлэл бий.

Пентагон түүнийг хэзээ Карибын тэнгист байрлах талаар мэдээлэл өгөөгүй байна.

Есдүгээр сарын эхнээс хойш АНУ-ын арми хар тамхины картелын 10 хөлгийг устгаад байгаа. Эдгээр цохилтын улмаас 40 орчим хүн амиа алдсан гэдэг.

Цохилтуудын ихэнх нь Карибын тэнгист хэрэгжсэн бол энэ долоо хоногт анх удаа Номхон далайд хэрэгжсэн юм.

Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро уг ажиллагааг үнэн хэрэгтээ өөрийнх нь засгийн газрыг түлхэн унагах зорилготой хэмээн сэжиглэж, улс орноо болзошгүй дайнд бэлдэж байгаа.

Наймдугаар сард Вашингтон түүнийг баривчлахад шаардлагатай мэдээллийг өгвөл $50 саяар шагнах болзол зарласан нь өмнөх хэмжээнээсээ хоёр дахин өссөн дүн юм.

Сүүлийн өдрүүдэд Венесуэлийн хөрш Колумб улсын эрх баригчидтай Трампын засаг захиргааны харилцаа огцом муудаад байна.

АНУ-ын зэвсэгт хүчинд одоо 11 нисэх онгоц тээвэрлэгч хөлөг идэвхтэй ашиглагдаж байгаа.

Цөмийн хөдөлгүүртэй Gerald Ford хөлөг өөр дээрээ 75 байлдааны нисэх онгоц байрлуулах чадвартай, агаарын довтолгооноос хамгаалах радарын болон пуужингийн системтэй юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

More From Author

Гүржийн ерөнхий сайд асны гэрээс $6.5 сая бэлнээр олджээ

ФОТО: Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэн гуайн 120 жилийн ойг тохиолдуулан дэлгэгдэж буй “Амар аясгалан” үзэсгэлэн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн