Гүржийн ерөнхий сайд асны гэрээс $6.5 сая бэлнээр олджээ

Гүрж улсын ерөнхий сайд асан Иракли Гарибашвили их хэмжээний мөнгө угаасан хэрэгтээ шүүхээс ял сонсжээ.

Энэ нь тус улсын дефакто удирдагч гэгддэг тэрбумтан Бидзина Иванишвилигийн үнэнч холбоотнуудын хүрээлэлд гарсан томоохон дуулиант хэрэг болж байна.

Прокурорууд энэ сарын эхээр ерөнхий сайд асны гэрт нэгжлэг явуулаад $6.5 саяыг бэлнээр илрүүлж байжээ.

Одоо 43 настай Гарибашвили нь Иванишвилийг эрх баригч Гүржийн Мөрөөдөл намын дарга байх үед 2013-2015, 2021-2024 онуудад хоёр удаа ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм.

Өчигдөр тэр шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нэг сая ларигийн ($368,000) барьцаагаар суллагджээ. Түүнд авлигын хэргээр 12 жилийн хорих ял төлөвлөсөн байна.

Энэ нь Гүржийн одоогийн эрх баригч намын өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс ял сонссон анхны тохиолдол болжээ.

Гарибашвили 2019-2024 онуудын хооронд эхлээд батлан хамгаалахын сайд, дараа нь ерөнхий сайдын албыг хашихдаа “төрөл бүрийн бизнесийн үйл ажиллагаанд нууцаар оролцож, хууль бус гаралтай маш их хэмжээний орлого олсон” гэж буруутгагдсан байна.

Ингэхдээ тэр уг орлогоо гэр бүлийн гишүүдээсээ авсан бэлэг гэж худал мэдүүлж байжээ.

“Ноён Иракли яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтаас зайлсхийлгүй эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа” гэж түүний өмгөөлөгч Амиран Гигуашвили мэдэгдсэн байна.

Гарибашвили нь 2011 онд улс төр орохоосоо өмнө Иванишвилигийн компаниудад ажиллаж байсан хүн юм. Энэ хэрэг 2012 оноос хойш төр барьж буй Иванишвилигийн үүсгэн байгуулсан Гүржийн Мөрөөдөл намын нэр хүндийг ноцтой унагаж байна.

зураг
 
Бидзина Иванишвили

Иванишвили 2014 оны хоёрдугаар сард Гүрж улсыг Европын Холбоонд нэгтгэх үйл явцыг эхлүүлж байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд түүний нам Европоос холдож, Москватай ойртох бодлого баримтлах болсон.

Гарибашвилигийн уналтыг ажиглагчид Иванишвилигийн хүрээлэлд хагарал, үл итгэлцэл үүссэний илрэл гэж үзэж байна.

Гүржийн Мөрөөдөл намын засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сард Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг зогсоох шийдвэр гаргаснаас хойш тус улсад бараг өдөр бүр жагсаал тэмцэл өрнөж, сөрөг хүчний ихэнх удирдагчид хоригдоод байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Их Британийн эрх баригчид алдаа гаргаж, албадан гаргах ёстой байсан хүчингийн хэрэгтэй цагаачийг шоронгоос суллажээ

Трамп дэлхийн хамгийн том нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө Өмнөд Америк руу илгээлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн