Өнгөрсөн зун Их Британи даяар хууль бус цагаачдын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулагдаж, тус улсаас орогнол хүсэгчдийг түр байрлуулсан зочид буудлууд халдлагад өртөж байв.
Ийм хөдөлгөөн өрнөх болсон шалтгаан нь нэгэн цагаач нутгийн охид бүсгүйчүүдийн биед халдаж, хүчингийн хэрэг үйлдэхийг завдсантай холбоотой байжээ.
Тэгвэл Британийн эрх баригчид өчигдөр уг хэргийг үйлдсэнийхээ төлөө шоронд хоригдож байсан 38 настай Хадуш Герберсласи Кебату гэгчийг алдаа гаргасны улмаас суллан явуулсан байна.
Кебату нь дорнод Африкийн Этиоп улсаас Их Британид цагаачилж ирсэн хүн юм.
Баасан гарагийн өглөө түүнийг шоронгоос гаргасан байна. Британийн хууль зүйн сайд Дэвид Ламми энэ талаар бухимдлаа илэрхийлэхдээ Кебатуг “үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө албадан гаргах ёстой байсан этгээд” хэмээн мэдэгджээ.
“Бид түүнийг олохын тулд цагдаа нартай шуурхай хамтран ажиллаж байна. Яаралтай мөрдөн байцаалт эхлүүлэхийг би тушаасан” гэж сайд мэдэгдсэн байна.
Гэмт хэрэг гарах үед Кебату нь Лондон хотын зүүн хойд хэсэгт орших зочид буудалд 130 орчим орогнол хүсэгчийн хамт байрлаж байжээ.
Түүнийг гэмт хэрэгт холбогдуулан баривчилсны дараа Британийн хотуудад цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл эхэлж байв.
Шоронгийн захиргааны төлөөлөгч “Алдааны улмаас суллагдсан гэмт хэрэгтнийг буцааж хорихоор цагдаагийн байгууллагатай шуурхай хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Цагаачлалыг эсэргүүцэгч Reform UK намын тэргүүн Найжел Фараж “Эппингийн зочид буудалд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг албадан буцаахын оронд санамсаргүй алдааны улмаас суллан явуулжээ. Тэр одоо Эссексийн гудамжаар чөлөөтэй алхаж байгаа. Их Британи сүйрч байна” гэж мэдэгдсэн юм.
Кебату нь бэлгийн хүчирхийллийн хоёр гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байжээ.
Тэрбээр эхлээд 14 настай охиныг үнсэж, хөлд нь гараа хүргэхийг удаа дараа оролдож байсан гэнэ.
Дараа нь тэр түүний үйлдлийг зогсоохоор хөндлөнгөөс оролцсон насанд хүрсэн эмэгтэйн гуянд бас гар хүрч байжээ.
Цагдаа нар Кебатуг долдугаар сарын 8-ны өдөр баривчилж байв.
Эх сурвалж: AFP