Энэ долоо хоногийн эхээр Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болсон Санае Такаичи ирэх долоо хоногт анхныхаа гадаадын төрийн тэргүүнийг хүлээн авах гэж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп юм.
Энэ үеэр тэд Япон дахь АНУ-ын цэргийн баазад зочлохдоо ерөнхийлөгч Трампын нисдэг тэргийг хөлөглөж магадгүйг Цагаан ордны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Дипломат харилцаанд ховорт тооцогдох энэ үйлдэл нь хоёр улсын холбоотны харилцааны бат бэх байдлыг харуулах зорилготой гэнэ.
Мягмар гарагт Токио хотод анх удаа нүүр тулж уулзсаны дараа Трамп, Такаичи нар Йокосука дахь АНУ-ын цэргийн баазад байрлуулсан цөмийн хөдөлгүүртэй George Washington нисэх онгоц тээвэрлэгч хөлөгт зочлох юм.
Удирдагчдыг Токио хотоос Канагава мужийн Йосокуса баазад АНУ-ын цэргийн нисдэг тэргээр хамт зорчуулах саналыг Трампын засаг захиргаа Японы талд тавьжээ.
Ази тивд хийх Трампын айлчлал Японоос гадна Малайз, Өмнөд Солонгос улсуудыг хамрах юм.
Тэрбээр Өмнөд Солонгост айлчлахдаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хоёр улсын худалдааны асуудлаар уулзах төлөвлөгөөтэй байгаа.
Такаичи өөрийн засгийн газрын баримтлах бодлогын талаар парламентад илтгэл тавихдаа Трампын уулзалтаар холбоотнуудын харилцаагаа шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Трамптай дотно харилцаатай байсан ерөнхий сайд агсан Шинзо Абегийн шадар хүн гэдэг утгаараа Такаичийг бас АНУ-ын ерөнхийлөгчтэй сайн харилцаа тогтоож чадна гэж ажиглагчид үзэж байна.
2017 оны хоёрдугаар сард Абэ агсан АНУ-д айлчлахдаа Цагаан ордноос ойролцоох цэргийн бааз руу Трамптай хамт нисдэг тэргээр зорчиж, дараа нь Флорида руу мөн нэг нисэх онгоцоор зорчсон нь ер бусын найрсаг дотно харилцааг илтгэж байжээ.
Эх сурвалж: Kyodo News