Х.Нямбаатар: Г.Дамдинням сайд чиглэл өгвөл дугаарын хязгаарлалт хийх болно

Сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны хомсдолыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл өгсөн.

Энэ үеэр “Шатахуун тээвэрлэсэн машин зөвхөн шөнийн цагаар хотын гудамжаар тээвэр хийх зохицуулалттай байсан бол үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өдрийн цагаар тээвэр хийх ажлыг зохион байгуулж байна. Шатахуун тээвэрлэсэн машин Улаанбаатарын түгжрэл дундуур явах нь эрсдэлтэй. Иймээс сүүлийн хоёр өдөр цагдаагийн хамгаалалттайгаар өдрийн цагаар түгээлт түр хугацаагаар хийж байгаа.

Хотын захирагчид шатахууны өдрийн хангалтын тээврийг явахад туслаач гэдэг хүсэлт өгсөн байгаа” гэсэн.

Харин хотын дарга Х.Нямбаатар “Хотоос хоёр зөвшөөрөл гардаг. Нэг нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас хотын дундуур аюултай ачаа явуулах зөвшөөрөл олгодог. Энэ зөвшөөрлийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас олгосон тохиолдолд Тээврийн цагдаагийн газраас зөвшөөрөл олгоно. Энэ зөвшөөрлийг бол өгчихсөн.

Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрынхны гол яриад байгаа агуулга нь хотын түгжрэлд Толгойтын агуулахаас Баянзүрхийн товчооны колонк хүрэхэд удаад, хангалт хийж амжихгүй байна. Тиймээс дугаарын хязгаарлалт хийж өгөөч гэдэг хүсэлт тавиад байгаа юм. Дугаарын хязгаарлалт хийснээр хөдөлгөөний эрчим 30 хувиар буурч, тэр хэмжээгээр нөхөн хангалт хийх боломжтой болно гэж Г.Дамдинням сайд ярьсан.

Би сайдад “Та өөрөө нийслэлийн Засаг даргад үүсээд байгаа нөхцөл байдлын үед хөдөлгөөн зохицуулалтад арга хэмжээ авч, дугаарын хязгаарлалт хийж өгнө үү” гэсэн чиглэл өгсөн бичиг ирүүл. Тэгсэн тохиолдолд би Нийслэлийн Засаг даргын хувиар дугаарын хязгаарлалт хийе. Түүнээс биш би агентлагийн даргын ирүүлсэн бичгээр ийм шийдвэр гаргахгүй гэж хэлсэн” гэлээ.

Мөн тэрбээр автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх санал асуулгын дүнгийн талаар “Санал асуулга бүтэн сайнаар дууссан. Иргэд үүнийг дэмжээгүй.

Харин Засгийн газрын гишүүн надад үүрэг, чиглэл өгвөл би биелүүлэх ёстой. Одоогоор Г.Дамдинням сайдаас тийм бичиг ирээгүй байна” хэмээлээ. 

More From Author

Голомт банк Лондонгийн Хөрөнгийн Биржид болсон “Mongolia Investment Forum: London 2025” арга хэмжээг хамтран зохион байгууллаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн