Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 12:00 цагт эхлээд одоог хүртэл үргэлжилж байна.
Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд тэдэн дунд цагдан хоригдож, гадаад улсад оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байгаа хүн ч бий. Гэхдээ намын албан ёсны сайтад дээрх 32 хүнийг УЗ-ийн гишүүн хэмээн танилцуулсан байна.
Энэ удаагийн хурлаар улс төрд үүсээд буй олон асуудал шийдэгдээсэй гэдэг хүсэлт талуудад буй. Ямартай ч өнөөдрийн хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын даргын албанд томилогдох хүмүүсийн нэрийг тодорхой болгохын зэрэгцээ кабинетынхаа эсрэг ажилласан зарим сайдыг чөлөөлөх тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.
Мөн хурлаас УЗ болон талуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэг нь эвлэрүүлэх, зөвшилцөх асуудлыг шийдэхийн төлөө ажиллах бололтой.
Гэвч тал талаас томилогдсон 3, 3-н хүн бус хөшигний цаадах яриа, тохироо бүүр тодруулбал, аль тал нь намын дарга, Ерөнхий сайдаа, аль нь УИХ-ын даргын албан тушаалыг авахаа тохиролцож чадсан үед л эрх баригч намыг эвлэрч гэж ойлгож болох биз ээ.
Удирдах зөвлөлийн болон Бодлогын зөвлөлийн зарим гишүүн хурлынхаа талаар ямар мэдээлэл өгснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Удирдах зөвлөл маань нэлээн удаан хуралдаагүй. Хэлэлцэх асуудлын хувьд эхлээд ажлын хэсэг байгуулъя гэж байгаа. Хоёрдугаарт, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой улс төрийн дүгнэлт гаргая гэж байгаа юм.
Нэн тэргүүнд бүлэг нэгдмэл байх, намын бодлого нэг байх гэдэг асуудал тавигдаж байна. Энэ асуудлаар бүлгээс 5-6, УЗ-өөс 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая гэдэг санал явж байгаа.
МАН-ын УЗ-ийн улс төрийн дүгнэлтийг бүгд дагах ёстой. Дүгнэлт гэхээсээ чиглэл гэвэл гэх байх. Үүнийг хаа хаанаа дагаж, баримтална.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Удирдах зөвлөл болон бүлэг дээр л асуудлаа хэлэлцэж, зөвшилцөж, ойлголцож, шийдэл гаргах ёстой. Үл ойлголцол үзэн ядалт болдог. Үзэн ядалт цаашлаад өш хонзон болдог. Тиймээс үзэн ядалт, өш хонзонгоор асуудлыг битгий шийдээсэй.
30:38 болж хуваагдсан хоёр талыг эвлүүлж байж дараагийн асуудал яригдах байх. Тэр болтол сайд нарын асуудал, УИХ-ын дарга, дэд даргын асуудал яригдахгүй байх. Намын Их хурал болох гэж байна. Тэр хурлаар намын дарга болсон нь Ерөнхий сайд болно.
Намын Их хурлаас даргаа сонгоод тэр хүн нь Ерөнхий сайд болж Засгийн газраа шийдэх гэж байхад түүнээс наана засаг төрөөр оролдоод байх шаардлагагүй.
Би МАН-ын даргад нэр дэвшихгүй.
Ерөнхий сайд асан С.Баяр: МАН-д Бодлогын зөвлөл гэж бий. Намын дарга, нарийн бичиг байсан хүмүүс энэ зөвлөлд байдаг. Би хөдөө байж байгаад хуралд дуудагдаж ирлээ. Би улс төрөөс хол байгаа хүн. Удирдах зөвлөлийн Бодлогын зөвлөлтэй хамтарч хуралдах гэж байна гэж ойлгосон.
Нэг намын асуудал хальсаар байгаад төрийн хямрал руу явах гэж байна. Сүүлдээ Үндсэн хуулийн цэц ч оролцоод эхэллээ. Үүнийг улс орны аюулгүй байдалд хохиролгүйгээр шийдэх ёстой. Тэрний төлөө л уулзаж ярилцъя гэж байгаа юм байлгүй.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Аль нэг тал нь 64-өөс дээш байж тухайн асуудал шийдэгдэнэ. Тэгвэл 64-өөс дээш гаргуулахын тулд ямар ажиллагаа явагдсан бэ гэдгийг харах ёстой. Маш олон гишүүнийг гадагш нь явуулж, дарамталж, аргалж 64 хүргэхгүй байх тал дээр нэг хэсэг нь ажилласан. Нөхцөл байдал өөрөөр эргэнгүүт чуулганы ирцэд орохгүй байх бойкот явж эхэлсэн.
Энэ бүх асуудал намын даргын сонгуулиас эхэлсэн. Ялсан, ялагдсан талууд нэгнийгээ хулгайч, алуурчнаар нь дуудаж процесс өрнөсөн. Зөвхөн өрсөлдөгчөө намнасан уу гэвэл тийм биш. Бага хуралд эсрэг санал өгсөн намын залуучуудыг ажлаас нь халсан хэд хэдэн тохиолдол бий. Аймгийн Засаг дарга нарыг хянаж шалгаж эхэлсэн.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: Би хувь хүнийхээ хувьд МАН-ын Бага хурлаар намын даргыг сонгосон гэж үзэхгүй байгаа. Намын даргыг Их хурлаас сонгодог байх ёстой.
Би өөрөө хэлмэгдэж явсан хүн. Өнөөдөр Эрдэнэбат гэдэг хүнтэй холбоотой хулгай луйвар, нүүрс, ЖДҮ, Хөгжлийн Банк гэхчлэн ямар нэгэн мэдээлэл байхгүй л байгаа биз дээ. Тэгэхээр Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа хулгай луйвар хийгээгүй байх нь. Ямар нэгэн зорилготойгоор хүнийг хэлмэгдүүлэх зүйл байдаг. Эцсийн шийдвэр гарахаас нааш үүнд итгэх арга байхгүй.