Дасгалжуулагч Г.Отгонцэцэгийн мэдээллийг Олимпын хорооноос үгүйсгэв

Залуучуудын Азийн наадам энэ сарын 22-31-нийг дуустал Бахрейн Улсад болж, Монгол Улсаас 20 спортын төрөлд 135 тамирчин оролцохдоо буудлын үүдний өрөөнд хоноглосон агуулгатай мэдээллийг дасгалжуулагч өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Отгонцэцэг “Тэмцээнд явах зардлаа арай ядан олсон хүүхдүүд маань бас л буудлын мөнгөө хэмнэн ингэж зүдэрч яваа өдрүүд олон. Бид хувцас хунар,буудлын мөнгө,онгоцны билет гээд наад захын хэрэглээгээ олж чадахгүй гуйж гувшаад явж байхад бусад улс орон ямар түвшинд хүрсэн явааг салбараа хариуцан ажиллаж байгаа хүмүүс мэддэг болов уу?

Энэ удаагийн Азийн залуучуудын наадамд Монгол улс оролцсон бүх спортын төрөлдөө алтан медальгүй өндөрлүүлж байгаа нь манай спортын хөгжил ялангуяа өсвөр залуучуудыг чиглэсэн дэмжлэг огт байдаггүй ээ гэдгийн жишээ боллоо.

Мөнгө өг тэмцээнд явуул гэж гуйж байгаа юм биш наад захын спорт заал, танхим барьж тэнд хичээллэхийн хүссэн хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч.

Дурандаа хичээллэж байгаа дэмжих албагүй, улс орон тамирчдаа дэмжлээ гээд хөгждөггүй гэх олон хүн байгаа хэдий ч энэ хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг бүтээлцэх Монгол улсын минь хамгийн том хөрөнгө болсон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ингээд тоохгүй орхиж болохгүй ээ” хэмээн бичсэн байна.

Харин Монголын Үндэсний Олимпын Хорооноос “Жүдо бөхийн баг Азийн залуучуудын наадам явагдаж буй Бахрейн улсын Манама хотноо аравдугаар сарын 27-ны өдрийн 01:10 цагт газардаж, 03:00 цагийн орчимд байрлах зочид буудалд хүрэлцэн ирсэн болно. Зочид буудлын дотоод журмын дагуу тамирчдын өрөө суларч орох цаг нь 14:00 байхаар заасан ч МҮОХ-ны штабын тавьсан санал хүсэлтийн дагуу 06:00 цагт өрөөндөө орохоор зохицуулалт хийсэн.

Монголын жүдо бөхийн холбоо нь энэхүү нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл авсан байсан бөгөөд нэмэлт зардал гаргахаас татгалзсан тул хагас өдөр хүлээх шийдвэрийг албан ёсоор гаргасан болно.

Манай байгууллага төрөөс ямар ч санхүүжилт, дэмжлэг авдаггүй бөгөөд зөвхөн олон улсын төсөл хөтөлбөр, түнш байгууллагын дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Залуучуудын наадамтай холбоотой зардал, санхүүжилтийг тухайн спорт холбоод бие даан шийдвэрлэдэг бөгөөд нийт гарах зардал, холбогдох нөхцөл байдлын мэдээллийг МҮОХ-оос тогтмол солилцож, боломжтой шийдлүүдийг эрэлхийлж ажилласаар ирсэн.

МҮОХ-оос Бахрейн улсад явагдсан Азийн залуучуудын наадамд оролцсон спорт холбоодын зардалд зориулан 80 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг “Баттүшиг Цэлмүүн сан”, ивээн тэтгэгч байгууллагууд болон МҮОХ-ны нөөцөөс бүрдүүлсэн болно.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаар ахлуулсан ажлын хэсэг дэлхийн тэргүүлэх спорт хувцасны брэнд “361”-тэй урт хугацааны туршид хэлэлцээр хийсний үр дүнд 100%-ийн ивээн тэтгэлэг хэлбэрээр залуучуудын наадамд оролцох багийн хувцас, хэрэглэлийг шийдвэрлэсэн билээ. 

Нэг тамирчинд олгогдсон хувцас хэрэглэл, гутал, цүнх зэргийн зах зээлийн ханш нь 3-4 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд үүнтэй холбоотой МҮОХ болон бусад төрийн байгууллагуудаас ямар нэгэн санхүүжилт гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гээд ташаа мэдээлэлд залруулга хийж байна” гэв.

Монголын баг Азийн залуучуудын наадмаас 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн юм.

More From Author

60 жилийн өмнө хулгайлсан гавлын ясаа нэг хүн Австрийн сүмд буцааж өгчээ

Г.Занданшатар: Энэтхэгийн $1.7 тэрбумын зээлээр барьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн