Австрийн нийслэл Вена хотын Гэгээн Стефений сүмийн архивч саяхан нэгэн гайхалтай илгээмж хүлээж авсан байна.
Илгээмжийн хайрцгийг задлахад хүний гавлын яс захианы хамт гарч ирснийг архивч Франц Зехетнер мэдээлжээ.
Уг гавлын ясыг Германы хойд нутагт амьдардаг нэг хүн 60 орчим жилийн өмнө Австрид аялж явахдаа хулгайлсан юм байна.
Гэгээн Стефений сүмийн доод хонгилд 18 дугаар зуунд оршуулсан 11,000 орчим хүний шарилын үлдэгдэл хадгалагддаг.
Дээрх жуулчин энэ хонгилыг хөтөчтэй үзэж байхдаа нэг гавлын ясыг нь хулгайлж байжээ.
Гэвч тэр 60 жилийн дараа алдаагаа засаж, амьдралаа тайван дуусгахыг хүссэн тул хулгайлсан зүйлээ сүмд буцааж өгсөн байна.
“Хэн нэгэн амьдралынхаа төгсгөлд залуу насны гэм нүглээ цайруулахыг хүссэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Түүнчлэн тэр гавлын ясыг энэ олон жилийн турш стандартын дагуу биш ч гэсэн тун нямбай хадгалсан нь сайн байна” гэж Зехетнер хэвлэлд ярьжээ.
Гэгээн Стефений сүмийн бунхны ихэнх шарилуудыг 18 дугаар зуунд 40 жилийн хугацааны засварт оршуулсан юм байна. Тэдгээрийн дотор тухайн үеийн Вена хотын дээд зиндааны гэр бүлийн гишүүдийн шарил хадгалагддаг ажээ.
Эх сурвалж: BBC