Сүүлийн жилүүдэд Япон улсад зэрлэг баавгайн тоо толгой олширч, хүмүүст халдсан тохиолдол эрс нэмэгдээд байгаа.
Үүнтэй холбогдуулан тус улсын байгалийн орчны яам баавгайн тоо толгойг цөөрүүлэх ажилд мэргэжлийн анчдыг ашиглахаар төлөвлөж буйг Пүрэв гарагт мэдээлсэн байна.
Зөвхөн энэ онд баавгайн халдлагын улмаас 12 хүн нас барсан нь ийм тохиолдлуудыг бүртгэж эхэлсэн 2000-аад оны үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Японы засгийн газар бас ард иргэдээ баавгайн халдлагаас хамгаалахын тулд цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл өгөх талаар судалж байгаа юм байна.
Албаныхан энэ мэтчилэн баавгайтай тэмцэх арга хэмжээнүүдийн жагсаалтыг арваннэгдүгээр сарын дундуур эцэслэн танилцуулахаар болжээ.
Баавгайнууд хүн амын суурьшлын бүсэд нэвтэрч, айл өрхүүд, супермаркетууд, дунд сургуулийн байранд хүртэл үзэгдэх болсон байна.
Японд хоёр төрөл зүйлийн баавгай амьдардаг. Тэдний нэг нь Японы хар баавгай, нөгөө нь илүү том биетэй, түрэмгий зан авиртай Хоккайдо арлын хүрэн баавгай юм.
Энэ онд баавгайн халдлагын улмаас 100 гаруй хүн бэртсэний дотор аялал жуулчлалын бүсийн автобусны зогсоолын ойролцоо бариулсан нэг гадаад хүн байна.
Японы хойд бүсийн уулархаг Акита мужид хамгийн их тохиолдол бүртгэгджээ.
Энэ долоо хоногт тус улсын эрх баригчид Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчний цэргүүдийг баавгай барих, үргээх ажилд дайчлахаар Акита мужид байрлуулах шийдвэр гаргасан юм.
Одоогийн хуулиар цэргүүд баавгай буудах хориотой ч анчдын агнасан баавгайг зөөх, тээвэрлэх зэрэг ажлуудад туслах юм байна.
Японд анчдын тоо цөөрч, нас өндөр болсон нь бас нэг асуудал юм.
Уур амьсгалын өөрчлөлт байгалийн идэш тэжээлийг нь хомстуулсны улмаас баавгайнууд хүмүүсийн суурьшлын бүсэд нэвтрэх болсон гэж мэргэжилтнүүд үздэг.
Бас хөдөө орон нутагт оршин суугчдын тоо цөөрч, жижиг хот суурин газрууд эзгүйрсэн нь үүнд нөлөөлж байгаа гэж үзэж байна.
Есдүгээр сард Япон улсын засгийн газар галт зэвсгийн хяналтаа сулруулж, хөдөө орон нутгийн оршин суугчдад баавгайн эсрэг буу хэрэглэх боломжийг нээж байжээ.
Эх сурвалж: BBC