АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хиндү шашинтай гэргийгээ Христийн шашинд оруулах хүсэлтэй явдгаа дахин илэрхийлжээ.
Тэр өөрөө 2019 онд Католик шашинд орсон хүн юм.
Гэргийнхээ шашин шүтлэгийг өөрчлөх талаар илэрхийлсэн өмнөх байр суурийг нь шүүмжилсэн хүмүүсийг Вэнс “Христийн шашны эсрэг үзэлтнүүд” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Лхагва гарагт Миссисипигийн Их сургуульд болсон консерватив хөдөлгөөний зүтгэлтэн Чарли Кирк агсны дурсгалын арга хэмжээнд оролцохдоо “Миний шашин шүтлэгээ сольсонтой адил зүйл түүнд ч бас тохиолдоно гэдэгт би найдаж байна. Тийм ээ, би үүнийг үнэхээр их хүсэж байна. Гэхдээ тэр хэрвээ тэгэхгүй бол надад асуудалгүй. Бурхан бүх хүмүүсийн чөлөөт үзэл бодлыг зөвшөөрдөг” гэж хэлсэн юм.
Вэнсийн энэ үг нэлээд шүүмжлэл дагуулсан байна.
Шүүмжлэлийн хариуд өчигдөр Вэнс “Тэр Христэд итгэгч биш бөгөөд шашин шүтлэгээ солих төлөвлөгөөгүй байгаа. Гэхдээ хоорондоо гэрлэсэн өөр шашинтай хүмүүсийн нэгэн адил тэр нэг өдөр бүх зүйлийг миний харж байгаа шиг хардаг болно гэдэгт би найдаж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Түүний гэргий Уша Вэнс нь Сан Диего хотод энэтхэг цагаачийн гэр бүлд мэндэлсэн хүн юм.
Тэрбээр 2024 онд Fox News сувгаар хиндү шашин эцэг эхийг нь “үнэхээр сайн хүмүүс” болгосон гэж бодож явдгаа ярьж байжээ.
Вэнс тэр хоёр Йелийн Их сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2014 онд гэрлэж байсан юм.
Одоо 41 настай Вэнс ядуу тарчиг хүүхэд насандаа Христийн шашны өөр нэг урсгал болох эвангелизмийн сургаалаар хүмүүжсэнээ “Hilibilly Elegy” нэртэй дурсамж номд бичсэн байдаг.
2019 онд Католик шашинд орсноос хойш улс төрийн консерватив үзэл бодол нь хэрхэн өөрчлөгдсөнийг тэр байнга ярьдаг юм.
Эх сурвалж: AFP