Хятад улс өөрийн тойрог замын станц руу хамгийн залуу сансрын нисэгчээ дөрвөн хулганын хамт илгээв

Хятадын Шэнжоу-21 сансрын хөлөг Баасан гарагт гурван сансрын нисэгчийн хамт тус улсын баруун хойд нутагт оршдог сансрын буудлаас дэлхийн тойрог зам руу хөөрсөн байна.

Тэдний дотор Хятадын хамгийн залуу сансрын нисэгч багтжээ.

Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байрлуулсан өөрийн станц руу долоо дахь удаагаа сансрын нисэгчдийг илгээж байгаа нь энэ юм.

Гурван сансрын нисэгчийн ахлагч нь 2022 онд Шэнжоу-15 хөлгөөр нисэж байсан 48 настай Зан Лю бол бусад нь анх удаа нисэж буй 39 настай Зан Хонзан, 32 настай У Фэй нар ажээ.

Тэднээс У Фэй нь Хятадын хамгийн залуу сансрын нисэгч болж байгаа бөгөөд энэ хөтөлбөрт оролцохын тулд 2020 оноос хойш бэлтгэгдсэн юм байна.

Тэд тойрог замд очсоноор өмнөх Шэнжоу-20 хөлгөөр зургаан сар гаруйн өмнө тойрог замд очсон гурван сансрын нисэгч буцах ажээ.

Шэнжоу-21 хөлгийн багтай хамт бас дөрвөн ширхэг хар хулгана тойрог замын “Тяньгон” (Тэнгэрийн Ордон) станцад очиж байгаа гэнэ.

Эдгээр амьтдыг дэлхийн нам өндрийн тойрог зам дахь нөхөн үржлийн туршилтад ашиглах ажээ.

Хятад улс Шэнжоу хөтөлбөрийн хүрээнд жил тутамд хоёр удаа сансрын нисэгчдээ дэлхийн тойрог замд тогтмол хүргэдэг болоод байна.

Ирэх онд Тяньгон станцад анхны гадаадын буюу Пакистан улсын сансрын нисэгчийг илгээхээр төлөвлөжээ.

Хятадын сансар судлалын хурдтай хөгжил АНУ-ын хувьд түгшүүрийн дохион болж байгаа бөгөөд одоо тус улс дэлхийн дагуул саран дээр түрүүлж хөл тавихаар шаргуу ажиллаж байна.

 

Эх сурвалж: CNN

 

More From Author

Хүн амынхаа нэг үеэс эхлэн тамхийг бүрэн хориглосон дэлхийн цорын ганц улс Мальдив боллоо

АНУ-ын дэд ерөнхийлөгч гэргийгээ Христийн шашинд оруулах хүсэлтэй байдгаа дахин илэрхийлжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн