Энэтхэгийн далайд оршдог арал улс Мальдив 2007 оны нэгдүгээр сараас хойш мэндэлсэн бүх иргэддээ тамхийг бүрэн хориглож буйг тус улсын эрүүл мэндийн яам зарлажээ.
Ингэснээр үндэстнээ нэг үеэс нь эхлэн тамхины хороос салгаж буй дэлхийн цорын ганц улс Мальдив болж байна.
Ерөнхийлөгч Мохамед Муиззугийн энэ оны эхээр санаачлан батлуулсан хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлжээ.
“Шинэ хуулийн дагуу 2007 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн бүх хүнд Мальдив улсын нутаг дэвсгэрт тамхи худалдаж авах, худалдах, хэрэглэхийг хориглолоо. Хоригт бүх төрлийн тамхи хамаарах бөгөөд худалдаачид насны хязгаарыг шалгах үүрэгтэй болж байна” гэж тус улсын эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.
Хориг бас Мальдивт ирсэн гадаадын иргэдэд үйлчлэх гэнэ.
Энэтхэгийн далайд Экваторын бүслүүрийг дамнан 800 км урт үргэлжилсэн 1,191 шүрэн арлаас бүрддэг тус улс нь дээд ангиллын аялал жуулчлалын дэлхийн нэг төв юм.
Үүнээс гадна электрон тамхины импорт, худалдаа, хэрэглээг ямар нэг насны хязгааргүй бүрэн хориглож байгааг Мальдивын эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Хориотой насны хүмүүст тамхи зарсан тохиолдолд 50,000 руфиа ($3,200), вэйп төхөөрөмж биедээ авч явбал 5,000 руфиагийн ($320) торгуультай болсон байна.
Одоогоор Их Британи улс ийм үеэр нь таслан хориглох хуулийн төслийг хэлэлцэх шатандаа яваа бол Шинэ Зеланд улс хэрэгжүүлснээсээ хойш нэг жил ч болоогүй байхад буюу 2023 оны арваннэгдүгээр сард хүчингүй болгож байжээ.
Эх сурвалж: AFP