Испани улсын эрх баригчид анх удаагаа колоничлолын үед Мексикийн уугуул иргэдэд зовлон шаналал учруулж, шударга бус хандаж байсныхаа төлөө харамсал илэрхийлжээ.
Энэ нь хоёр улсын хооронд сүүлийн зургаан жил үргэлжилсэн дипломат маргааны дараа уур амьсгал өөрчлөгдөж эхэлсний илрэл болж байна.
2019 оны гуравдугаар сард тухайн үеийн Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор колоничлолын үеийн аллага хядлага, гэм нүглийнхээ төлөө уучлалт гуйхыг уриалсан утгатай захидлыг Испанийн хаан VI Фелип, Ромын католик сүм хийдийн тэргүүн пап Францис нарт илгээж байжээ.
Энэ захидал Испанийн эрх баригчдыг хилэгнүүлсэн бөгөөд 500 жилийн өмнө Мексикт болсон үйл явдлыг “орчин үеийн үзэл бодлын үүднээс дүгнэх боломжгүй”, “хоёр улсын нийтлэг түүхийг нийтлэг өнцгөөс харах ёстой” хэмээн хариу мэдэгдэж байв.
Гэсэн хэдий ч Баасан гарагт Мадрид хотод Мексикийн уугуул эмэгтэйчүүдэд зориулсан үзэсгэлэнгийн нээлт дээр Испанийн гадаад хэргийн сайд анх удаагаа харамсал илэрхийлжээ.
“Энэ бол хүн төрөлхтний түүх бөгөөд бусад түүхийн нэгэн адил гэрэл гэгээтэй, бас сүүдэртэй байсан. Мөн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй уугуул иргэдэд зовлон шаналал учруулж, шударга бус хандаж байсан. Шударга бус явдал байсныг өнөөдөр хүлээн зөвшөөрч, харамсах нь зөв юм. Учир нь энэ бол бидний хамтын түүхийн нэг хэсэг бөгөөд бид үүнийг үгүйсгэж, мартаж чадахгүй” гэж гадаад хэргийн сайд Хосе Мануэл Альбарес мэдэгдсэн байна.
Түүнийг ингэж хэлэхээс дөрөв хоногийн өмнө Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум уучлалт гуйх уриалгыг дахин сануулаад байсан юм.
“Бид ерөнхийлөгч Лопес Обрадорын илгээсэн захидлын үзэл санааг дэмжиж байгаа бөгөөд хариуг нь одоо ч хүлээсээр байна” гэж тэр хэлж байжээ.
Өчигдөр тэр Альбаресын хэлсэн үгийг сайшааж, энэ нь “өнгөрсөн үеийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Энэ бол эхний алхам бөгөөд бидний байнга хэлж байсан зүйлийн ач холбогдлыг харуулж байна. Уучлал нь засгийн газар, ард түмний нэр хүндийг өсгөдөг. Энэ бол ичгүүртэй зүйл биш, харин эсрэгээрээ. Испанийн засгийн газрын гадаад хэргийн сайдад баяр хүргэе, ялангуяа Уугуул Эмэгтэйчүүдийн Жилийг тохиолдуулан ийм алхам хийсэнд нь” гэж Шэйнбаум мэдэгдсэн юм.
Колоничлогч Эрнан Кортес 1519 онд тухайн үеийн Теночтитлан хот буюу одоогийн Мехико хотод хэдэн зуун морьт цэрэг оруулж, уугуул иргэдийн дунд халдварт салхин цэцэг өвчин тарааснаар Мексикийн байлдан дагуулалт эхэлж байв.
Испаничууд хоёр жилийн дотор тус хотыг бүрэн тонож, уугуул иргэдийг Католик шашинд хүчээр оруулж байжээ.
Эх сурвалж: AFP