Дотоод, гадаадын 350 гаруй компани, 20,000 гаруй оролцогч “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриа дор “Mining Week & MinePro 2025” арга хэмжээнд чуулж, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ.
“Оюу толгой” ХХК салбартаа түүчээлэгчийн хувьд жил бүрийн Уул уурхайн долоо хоног арга хэмжээнд уурхайд хэрэгжүүлж буй шинэ шийдлүүд, сайн туршлагаа салбарынхандаа хуваалцдаг билээ.


“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Нөөц баялгаас хамтын хөгжилд: Орон нутгийн хөгжил дэвшилд уул уурхайн оруулах хувь нэмэр” илтгэлийнхээ үеэр, “Орчин үед газар доорх нөөц баялгаас илүү хөрсөн дээр бий болсон бүтээн байгуулалтаар уул уурхайн үнэ цэн хэмжигддэг болсон. Зорьсон газраа илүү аюулгүй, илүү хурдан хүрэх авто зам, амь нас эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн үйлчилгээ, хойч үедээ өвлүүлэн үлдээх өв соёлын музей, өрхийн бизнесүүд амжилттай өргөжин хөгжих боломжоор уул уурхайн амжилт харагдана” хэмээн онцоллоо.
Тэрээр мөн Ханбогд сумын хөгжлийн жишээг дурдаж, “Өмнө нь дэд бүтэц бараг байгаагүй энэ сум уурхайгаас үл хамааран тогтвортой хөгжиж чадах шинэ суурин болон төлөвшиж байна” хэмээсэн юм.
Хиймэл оюун ухаан ба аюулгүй ажиллагааны шийдэл


Энэ жилийн Уул уурхайн долоо хоног арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн тоног төхөөрөмжийн эвдрэлээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаараа танилцууллаа. Тухайлбал, тус уурхайд 2023 оноос хойш хиймэл оюун ухааныг ашиглан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг илрүүлэх Smart Plant технологийг хөгжүүлж байгаа аж. Smart Plant гэдэг нь засвар үйлчилгээний машин сургалтын технологи ашиглан хөгжүүлсэн шинэ систем юм. Уурхай, үйлдвэрлэлд ашиглаж буй тоног төхөөрөмжийн эвдрэлийг урьдчилан илрүүлж, гэнэтийн сул зогсолтоос сэргийлэхэд зориулагдсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэн гарах 12 сая ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн гэнэтийн зогсолтоос сэргийлж чадсаныг Ерөнхий менежер Э.Анхбаяр онцолж байв.
Бас нэгэн онцлох шийдэл нь Мөргөлдөхөөс сэргийлэх системийг гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүддээ суулган ажилтнуудынхаа аюулгүй ажиллах орчин бүрдүүлж байгаа явдал байлаа. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн бүрэн автомат удирдлагат тоног төхөөрөмжийг хариуцсан Үйлдвэрлэлийн төслийн Мэргэжилтэн Л.Ганпүрэв, “Оюу толгойн гүний уурхайд ачигч машинуудыг алсаас бүрэн автоматаар хянаж, удирддаг. Мөн мөргөлдөхөөс сэргийлэх технологийн тусламжтайгаар тээврийн хэрэгсэл мөргөлдөх эрсдэлийг бууруулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг ” хэмээн тайлбарласан юм.




Үндэсний ханган нийлүүлэгчдэд илүү боломж
“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын Ерөнхий менежер Хикмет Гаибов, “Бид энэ жилийн нийт худалдан авалтынхаа 90 орчим хувийг дотоодын ханган нийлүүлэгчдээс худалдан авч байна. Та бүхэн үүнийг энд хүрэлцэн ирсэн манай ханган нийлүүлэгч, түншүүдээс харж болно. Анх жижигхэн компаниас эхэлж байсан манай ханган нийлүүлэгчид өнөөдөр өсөж хөгжин, Оюу толгойн хүрээнээс хальж уул уурхайн салбарын хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлдэг болжээ.
2026 онд бидний анхаарах гол чиглэл бол дотооддоо бараа, үйлчилгээ үйлдвэрлэж буй үндэсний ханган нийлүүлэгчдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх явдал юм. Монголын ханган нийлүүлэгчдэд ч ийм боломж, чадавх асар их бий” хэмээн онцолсон юм.
Арга хэмжээний үеэр Оюу толгойн 20 ханган нийлүүлэгч тус компанийн асарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, чуулганд оролцогсодтой хамтын ажиллагааны боломжоо хэлэлцлээ.


“Иргэний нийгэм ба уул уурхай” сэдэвт хэлэлцүүлэг
“Оюу толгой” компани орон нутгийн иргэдийн санал, санаачилгыг сонсох, иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) төлөөлөлтэй нээлттэй, үр дүнтэй харилцаа тогтоохыг зорилгоор 2023 оноос хойш тогтмол хийж ирсэн дугуй ширээний уулзалтаа салбарын хэмжээнд өргөжүүлэн, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Mining Week & MinePro 2025” арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцон уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн төлөөллүүд харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн нээлттэй яриа өрнүүлсэн юм.
Энэхүү дугуй ширээний уулзалтын үеэр “Оюу толгой” компанийн Хүний нөөцийн үйлчилгээний Менежер Ж.Эрдэнэбилэг Өмнөговь аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, амьжиргааг дэмжих чиглэлээр компанийн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж буй мэргэжил олгох хөтөлбөрийн талаар танилцууллаа. Хөтөлбөрийн төгсөгчид олон улсад мэргэжлээрээ ажиллах эрхтэй Германы боловсролын B сертификат авдаг. Ялангуяа гагнуураар суралцаж төгссөн мэргэжилтнүүд улсын болон олон улсын ур чадварын тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт гаргадаг.
Түүнчлэн 10 жилийн ширээнээс ажлын байр хүртэлх боловсрол, хөгжлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь шууд ажилд авахаас гадна сургаж хөгжүүлж чадавхжуулах замаар ажлын байраар хангах зорилготой. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1.5 жилийн хугацаатай мэргэжил олгох хөтөлбөрийг жил бүр зарладаг бөгөөд цахилгаан болон механик гагнуурын чиглэлээр нийт 534 орон нутгийн иргэдийг хамруулж, тэдний 87% нь Оюу толгойн уурхайд ажиллаж байна.
Өмнөговь аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнд одоогийн байдлаар Оюу толгойд Өмнөговийн нийт 4,000 гаруй иргэд ажиллаж байна.