Энэ оны төгсгөл гэхэд улсын эмнэлгүүд нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ ТӨЛБӨРТЭЙ хүргэх эрсдэл үүсжээ

Улсын Их Хурал (УИХ)-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалттай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татахаар байна.

Учир нь өнгөрсөн онд төсвөө 2.4 их наяд төгрөгөөр батлуулсан Эрүүл мэндийн даатгалын сан 2025 оны эцэс гэхэд урьдчилсан тооцооллоор 260 орчим тэрбум төгрөгийн өртэй гарахаар байгаа аж.

Төрийн зохицуулалттай Эрүүл мэндийн даатгалын сан 2021 оны гуравдугаар сараас хойш албан ёсоор нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс өмнө нь эмнэлгүүдийн тухайн жилийн төсөв хэмжээтэй байсан. Харин нэг худалдан авагч буюу гүйцэтгэлийн тогтолцоотой болсноос хойш эмнэлгүүд үйлчилгээ үзүүлснийхээ хэмжээгээр даатгалаас мөнгө авах боломжтой болсон юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2026 оны төсөв:

Гэтэл 2024 оны эцэст Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болж, 420 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай гарав. 2025 оны эхний улиралд дээрх өрийн 100 гаруй тэрбумыг олон улсын зээл тусламжаар төлсөн. Үлдэгдэл 316 тэрбум төгрөгийг 2025 онд батлагдсан төсвөөсөө нөхөөд төлчихсөн. 

Харин яг өнөөдрийн байдлаар төсвийн тодотголын 51 тэрбум, цочмог төлөвлөгөөт өвчний үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн 60 тэрбум гээд нийт 130 тэрбум төгрөгийн өр үүсжээ. Эрүүл мэндийн даатгалын сан энэ онд 1.2 их наяд төгрөгийг 321 эмнэлэгт өгөхөөр төлөвлөсний 85 нь төрийн, 236 нь хувийн хэвшлийнх аж.

“Он дуусахаас өмнө 140 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг асуудал ярьж болохгүй”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тухайн сангийн мөнгийг хувийн хэвшилд түлхүү шилжүүлсэн болон зарцуулалт үр дүнгүй байгаа талаар гишүүд болон сайд нар асуудал хөндөв.

УИХ-ын гишүүн Ц.Үүрийнтуяа: Эрүүл мэндийн даатгалын сан хэзээ өр төлбөрөөсөө гарч, хэвийн үйл ажиллагаа явуулдаг болох вэ. Өнөөдөр энэ сангаас болоод хөнгөлөлттэй үйлчилгээ авах ямар ч боломжгүй болсон. Улсын эмнэлэгт урт дараалал үүсэж, хувийн эмнэлэг бараадсан нөхцөл байдалтай байна. Өр төлбөрийн асуудлыг хэзээ эцэслэн дуусгаж, эмнэлгүүд нь даатгалын сангаас бүрэн санхүүждэг тогтолцоо хэрэгжих вэ?

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын асуудал ноцтой байна. Тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Энэ утгаар өчигдөр Засгийн газарт нөхцөл байдлыг танилцуулсан. Тухайлбал байгаа төсөв нь хязгаарлагдмал ч ялгаварласан байдлаар санхүүжүүлэлтийг шилжүүлдэг нь илэрсэн. 

Иймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг солих асуудлыг Засгийн газрын тэргүүнд танилцуулсан. Энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийднэ.

Байгаа төсвөө ижил тэгш, хамгийн шаардлагатай газарт нь шийддэггүй. Ялгавартай хандаж, хамгийн их ачаалал үүрдэг эмнэлгүүдэд санхүүжүүлэлт нь очдоггүй. Бөөн өр үүсдэг асуудал бүх шатанд тохиолдож байна. 

Т.Мөнхсайхан сайд 2025 оны эхний улиралд 316 тэрбум төгрөгийн өрийг нь дарж өгсөн. Гэтэл дахиад 148 тэрбум төгрөгийн өр үүсчихсэн. Он дуусахаас өмнө 140 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг асуудал ярьж болохгүй. Өр үүсгээд Засгийн газар төлчихдөг гэсэн хандлагаар хандаж байгаа нь өөрөө буруу. Тиймээс байгаа мөнгөө зөв зарцуулах сэтгэл дутаад байна.

Хүнээ солиод бүх зүйл шийдэгдэхгүй. Тиймээс 2026 онд төсөвтэй холбоотой эрүүл мэндийн даатгалыг бэхжүүлэх, сайжруулах хөтөлбөр боловсруулсан. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо цоорхой шүүр шанага шиг болчхоод байна. Мөнгө хүрдэггүй ч ядаж хулгайлахгүй байвал болно. 2025 онд мөнгө дутаагүй, сэтгэл дутаад байна.

Эргэн сануулахад 2024 оны есдүгээр сард Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан Л.Бямбасүрэнг Авлигатай тэмцэх газраас саатуулж, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байлаа. Харин одоогийн дарга С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

“хамгийн их ачаалалтай улсын эмнэлгүүдийн асуудлыг  бус хувийн эмнэлгийн бүх асуудлыг нь шийдчихсэн байна”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн сайд Б.Жавхлан: Ж.Чинбүрэн сайдаа хоёулаа үнэнийг нь хэлье. 2026 оны төсвөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудал цэгцлэгдэхгүй. 2025 оны төсөв дээр “өр төлбөртэй асуудал цар тахлаас хойш яваад байгааг дуусга” гээд хангалттай мөнгө тавьсан.

Саяхан Ж.Чинбүрэн сайд очоод шалгалт явуулж энэ жилийн зарцуулалтыг харахад хамгийн их ачаалалтай улсын эмнэлгүүдийн асуудлыг шийдэх бус хувийн эмнэлгийн бүх асуудлыг нь шийдчихсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлд суурилсан тогтолцоо 2021 онд анх эхэлсэн. Энэ үед төсөв 1.2 их наяд төгрөг байсан, ирэх жил 2.2 их наяд болно. Тусламж үйлчилгээ хоёр дахин нэмэгдэж, анагаах ухааны салбарын үр дүн хоёр дахин сайжирсан уу. Сангийн даатгалын сонгодог тогтолцоонд эрс шинэчлэл хийх ёстой.

“9, 10 дугаар сард 220 тэрбум төгрөгийн өр үүсэх бодлого явж байсныг Сангийн яамтай яриад зогсоосон”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Б.Бейсэн: Эрүүл мэндийн даатгалын сан дампуураад өр зээл ихсэлээ. Бид өнгөрсөн жил эрсдэлийн сангийн 54 тэрбум, чөлөөт үлдэгдлийн 60 тэрбум, дээр нь 350 тэрбум төгрөг шийдэж өгснийг юунд зарцуулсан бэ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн шалгуур үзүүлэлтэд барууны өндөр хөгжилтэй орны системийг нэвтрүүлчихсэн. Монгол орны эрүүл мэндийн хөрсөнд тохирсон зүйл байхгүй.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл 2021 оноос хэрэгжихдээ сайн ажиллаж, олон хүн эмчилсэн байгууллага цалин өндөр авах реформ хийсэн. Цар тахлын дараагаас эрүүл мэндийн салбарын ажилтны цалин нэмэгдээгүй. Нэхэмжлэлийг хянаж чаддаг тогтолцоогүйгээс болж баахан өр шир гарсан. 

Мөнгө дутаагүй сэтгэл дутсан. Он гараад 316 тэрбум төгрөгийн өр дарсны 54 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийнх байсан. 2025 онд хувийн хэвшилд 165 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт өгөхөөр байсан боловч наймдугаар сард өгөөд дуусчихсан. 9, 10 дугаар сард 220 тэрбум төгрөгийн өр үүсэх бодлого явж байсныг Сангийн яамтай яриад зогсоосон.

“Архины хамааралтай нөхөр жилд зургаан удаа эмчилгээ хийлгээд Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 сая төгрөг авч байна”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бодит жишээ яръя. Архины хамааралтай нөхөр жилд зургаан удаа эмчилгээ хийлгээд Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 сая төгрөг авч байна. Тэгэхээр ямар эмчилгээ үйлчилгээний зардлыг 100 хувь сангаас гаргах, өөрөөс нь хэдэн хувь гаргах хяналтыг бий болгох хэрэгтэй.

Тэгэхгүй бол багц багцаар хүний регистр явуулж, хэвтэн эмчлүүлж мөнгө хусдаг сүлжээ дүүрэн байна. Үүнийг засах ёстой. Архны хамааралтай нөхөр жилд зургаан удаа эмнэлэгт хэвтээд байж байна. Үүнийг өөрчилье. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өөрийн буруугаас болж өвчин тусчхаад бусдын даатгуулсан мөнгөнөөс тусламж үйлчилгээ авна гэдэг шударга биш.

Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцооны гол зарчим нь залуучууд хөгшиндөө, эрүүл нь өвдсөндөө туслах ёстой. Өөрийн хариуцлагагүйгээс болж байгаа хүмүүсийг санхүүжүүлэх нь буруу. 

“11 дүгээр сар гэхэд эрүүл мэндийн салбар хүнд байдалд орж, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүд иргэдэд төлбөртэй хүргэх эсэх асуудал яригдана”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан: Ирэх оны төсөв эрүүл мэндийг дэмжиж буй харагдахгүй байгаа. Энэ төсвөөр 2026 онд эрүүл мэндийн салбар дампуурах маягтай харагдаад байгаа. Тиймээс 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж болох уу. 

Энэ оны хувьд эрүүл мэндийн салбарын төсөв хүндэрсэн. Тодотголоор 47 тэрбум төгрөгийн төсвийг хассан. Өнгөрсөн жилүүдэд үүссэн 300 гаруй тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар ЭМДҮЗ-өөс хувийн хэвшлүүдэд хуваарилдаг төсвийг өнгөрсөн оныхоос багасгаж 163 тэрбум болгосон. Есдүгээр сарын байдлаар хувийн хэвшилд санхүүжүүлэлтийг нь олгоод дуусчихсан. Дахиад хувийн хэвшилд төсөв хуваарилах асуудал яригдаад улсын эмнэлгүүд хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа. 

11 дүгээр сар гэхэд эрүүл мэндийн салбар хүнд байдалд орж, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүд иргэдэд төлбөртэй хүргэх эсэх асуудал яригдана. Манай салбарт барилга байшин барих, тоног төхөөрөмж дээр ажиллах хүмүүсийн цалинг санхүүжүүлэх мөнгө дутагдаж байгаа. Түүнээс биш барилга байгууламж барьж, тоног төхөөрөмж авснаар эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл сайжрахгүй. Тиймээс төсөв нэмэгдүүлмээр байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Та өр барагдуулсан боловч гэж байна. Ер нь даатгалын тогтолцоо реформ хийгээд нэлээд хугацаа өнгөрлөө. 2021 оноос хойш шинэчлэл хийхдээ хяналттай, алдаагүй зөв явах тогтолцоо хийж чадалгүй эмнэлгүүдийн гүйцэтгэлийн уралдаанд уриалсан нь том алдаа болсон.

Чанарт суурилсан үр дүнгийн санхүүжүүлэлтийн нэхэмжлэлийг хянах тогтолцоо хийж чадсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Та Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 онд зарцуулах ёстой байсан 316 тэрбум төгрөгийг 2024 оны өрд өгөхгүй байх боломж байсан. Хэн нэгэн сайд, улс төрчдөөс хамаараад сан дампуурдаггүй хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хийгээд тавьчихсан. 

Өнөөдөр бид хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн нь том амжилт. 2024 онд 18,200 хүн нас барсан. 70 хувь нь эмнэлэгт бус гадуур нас барсан. Эрдэмтэн судлаачид 6,000 орчмыг нь аврах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. 2026 оны төсөвтөө хөрөнгө оруулалтыг Монгол Улсын өнцөг булан бүрд харвасан, гэмтэл осолд орсон хүмүүсийг авардаг яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тогтолцоо хийхээр төлөвлөсөн. Би үүнийг зөв гэж бодож байгаа.

Улсын эмнэлгүүд ар гэрт нь эм тариа захиад эхэлчихсэн. Өнөөдөр улсын эмнэлэгт очоод хэвтэхэд бүх эм тариаг гэрээсээ зөөж байгаа. Хувийн эмнэлгүүд нь санхүүжүүлэлтээ 100 хувь авчихсан. Эмчлүүлсэн хүмүүс нэмэгдэл мөнгөө төлөөд ямар нэгэн эм тариа захихгүйгээр болоод байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөв:

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн нийт орлогыг 2,551.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Үүний 1,312.8 тэрбум төгрөгийг төр хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээ, төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлөх даатгуулагчдын шимтгэлийн орлого, 1,239.0 тэрбум төгрөг нь ажил олгогч, даатгуулагчийн болон бусад даатгуулагчийн төлөх шимтгэлийн орлогоос тус тус бүрдэхээр байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн нийт зарлагыг 2,273.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөлөө. Үүнээс эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 2,090.0 тэрбум төгрөг, төр хариуцах эмийн зардлын хяналт, хүртээмжийг сайжруулах зорилгоор эмийн үнийн хөнгөлөлтөд олгох санхүүжилтийг 169.8 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардлыг 13.5 тэрбум төгрөг байхаар тус тус тооцлоо.

Тус сангийн эргэн төлөх төлбөрийн хэмжээг 75.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/100064382633728/videos/1999327100813182

More From Author

БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудлын 600 орчим ажилтан маргааш ажил хаяхаа албан ёсоор мэдэгджээ

“Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн алба хаагчид болон эрэлч нохдыг нэмэлтээр ажиллуулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн