Уганда улсыг 40 жил удирдсан ерөнхийлөгч дараалан найм дахь сонгуульдаа яллаа

Пүрэв гарагт зүүн Африкийн Уганда улсад болсон сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Ёвери Мусевени ялалт байгуулсан нь өчигдөр тодорхой болжээ.

Нийт саналын 75 хувийг Мусевени, 25 хувийг түүний гол өрсөлдөгч Боби Уайн авсныг тус улсын сонгуулийн төв хороо зарласан байна.

Колоничлолын эсрэг бослогын удирдагч асан 81 настай Мусевени 1986 оноос хойш долоон сонгуульд дараалан ялаад байсан бол одоо найм дахь сонгуульдаа ялснаар дахин таван жил ажиллахаар болжээ.

Поп дуучин асан 43 настай Боби Уайн энэ сонгуулийг “булхай луйвартай” болсон гэж мэдэгдээд эсэргүүцлийн тайван жагсаалд дэмжигчдээ уриалан дуудсан байна.

Угандагийн эрх баригчид одоогоор түүний мэдэгдэлд хариу өгөөгүй бол Африкийн Холбооны сонгуулийн ажиглагчид луйвар гарсныг батлах нотолгоо олдоогүйг мэдэгджээ.

Гэхдээ энэ удаагийн сонгууль хүчирхийлэл дунд болж өнгөрсөн юм.

Сүүлийн хэд хоногийн дотор Уганда даяар Мусевенигийн дарангуйллыг эсэргүүцсэн 21 хүн амиа алдсаныг Уайн мэдэгджээ.

Харин эрх баригчид долоон хүн амиа алдсаныг баталсан байна.

Сонгуулийн төв хорооны дарга Саймон Бябакама өчигдөр санал хураалтын үр дүнг зарлахдаа эв нэгдэлтэй байхыг өрсөлдөгч талуудад, ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг сөрөг хүчинд уриалсан юм.

Сонгуулийн ялалтыг тэмдэглэсэн ямар нэг үйл явдал өчигдөр ажиглагдаагүй бөгөөд нийслэл Кампала хотын ихэнх зам, талбай хоосон, үйлчилгээний байгууллагууд хаалттай байжээ.

Нийслэлийн зарим хороололд мөргөлдөөн гарсан сурагтай байгаа ч Мягмар гарагаас хойш Угандад интернэтийг хязгаарласан тул бодитой мэдээлэл олдохгүй байна.

Эрх баригчид интернэтийг хаах шийдвэрээ эмх замбараагүй байдал, хүчирхийллээс сэргийлэх зорилготой гэж тайлбарласан бол НҮБ-ын хүний эрхийн байгууллага үүнд “маш их санаа зовж” байгаагаа мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна

М.Нямбаяр: Өвлийн цэцэрлэгт хүрээлэн жилд 180-240 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн