Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл энэ сарын 12-13-нд шилжих шөнө 05:00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн ажиллаж, тус төвийн түрээслэгч дөрвөн иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа объектод стандартад нийцсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.