УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ардчилсан Намын бүлгийг төлөөлж хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах болсноо хэлэв.
Тэрбээр “Өнөөдөр ноцтой явдал болсон учраас УИХ дахь АН-ын бүлгээс энэхүү мэдэгдлийг хийж байна.
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 19-ний 15:30 цагийн орчимд Авлигатай Тэмцэх Газрын Балдандорж, Батмөнх гэдэг хоёр мөрдөгч төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэг удаагийн нэвтрэх зөвшөөрөл авч орж ирсэн. Улмаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийж ороод, гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарлаа. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг үлэмж сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал юм.
Тиймээс УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд анхаарал хандуулах ёстой гэж үзэж байгаа учраас төсвийн хэлэлцүүлэг дээр авсан завсарлагын хугацаагаа гурав хоногоор сунгах хүсэлтэй байна. Өмнө нь хоёр хоногийн завсарлага авсан байгаа. Энэ хугацаанд бид бүлгийн хурлаараа асуудлыг ярилцана” гэв.
Уг хүсэлтэд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу завсарлага авах хугацааг нэг удаа ажлын гурваас илүүгүй өдрөөр сунгаж болно гэсэн байдаг. Тиймээс АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу гурваас илүүгүй өдрөөр завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ” гэдэг хариулт өглөө.