16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэгдүгээр сарын 22-23-нд буюу хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ танилцуулав.
Шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч Ц.Дагвадоржид хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноосон бол Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа “Би асар их гомдолтой. Би өнөөдөр хүртэл хугацаанд Монгол Улсынхаа шүүхэд итгэж байсан.
Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, ялаа авлаа. Нөгөө хоёр яллагдагч нь мөрдөн байцаагч, хяналтын прокуроруудын хариуцлагагүй үйлдлээс болж цагаадаж байна.
Миний охины хэрэг дээр 15 мөрдөгч ажилласан. 15 мөрдөгч, хяналтын хоёр прокурор хэргийг мөрдөн байцаах хавтас бүрдүүлэлтийг маш хариуцлагагүй хийсэн. Та бүхний мэдэж байгаачлан нэгдүгээр сарын 19-нд сошиалд бичлэг цацагдсан. Яагаад тэр бичлэг гэм буруугийн хурал болохын өмнө гарч ирж байна вэ. Монгол Улсын нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг прокурор нар, миний охины хэрэг дээр Г.Янжиндулам, Г.Баясгалан нар маш хариуцлагагүй ажилласан.
Шүүхийн шийдвэр бичгээр миний гар дээр ирсний дараа холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана. Би хөлөө хүрэх газар хүртэл явна.
Шүүх бол шударга байгаа. Шүүх юуг үндэслэж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр мөрдөн байцаах албанаас үдэгдэж ирсэн хэргийн материал, яллах дүгнэлт үйлдэж байгаа хяналтын прокуроруудын дүгнэлт дээр тулгуурлан шийдвэрээ гаргадаг.
Монгол Улсад шударга ёс байдаггүйг энэ 581 хоногийн хугацаанд би харлаа.
Гараас хөтлөх ганц үр минь…” гэлээ.