“УИХ-ын гишүүдийг нэг өдөр 70 хүүхдэд хичээл зааж, цэцэрлэгт 40 хүүхэдтэй ажиллахыг урья. Багшийн ачааллыг бодитоор мэдэр”

Багш нарын үндсэн цалин 3,500,000 төгрөг болгохыг шаардсан тайван жагсаал нийслэлийн төв талбайд өнөөдөр боллоо.

Жагсаалд оролцогчид үндсэн цалинг нэмэхийг зэрэгцээ ачааллыг бууруулахыг мөн шаардаж байна. Төр засгаас чанар, өндөр гүйцэтгэлийг шаарддаг ч ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгааг хангахгүй байгааг багш нар шүүмжилж байгаа юм.

Жагсаалын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ны дарга З.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

– Багш нарын үндсэн цалинг 3,500,000 төгрөг болгохыг шаардан та бүхэн жагсаж байна. Яагаад энэ дүнг тогтоож байгаа вэ, тооцооллоо хэрхэн гаргасан бэ?

– Бид бусад төрлийн ажил эрхэлж байгаа хүмүүстэй барьцаж байгаа асуудал биш юм. Оюуны хөдөлмөрийг огт үнэлэхгүй байна. Энэ бол хүний амьдралын наад захын хэрэгцээгээ хангахад шаардлагатай дүн.

Үндсэн цалинг багадаа 3,500,000 төгрөг болгосноор энэ салбарт хүмүүс ажиллахаар байна. 2026 оноос эхлэн энэ хэмжээнд хүргэ гэж шаардаж буй шалтгаан нь ирэх оныг “Боловсролын жил” болгон зарлаж байгаа. Өнөөдөр 3,800 багшийн дутагдалтай ажиллаж байгаа бол 2026 оноос эхлээд энэ тоо хоёр дахин өсөхөөр байна.

Боловсролын салбарт 1,480,000 төгрөгөөр ямар ч хүн ажиллахааргүй болчихлоо. Мэргэжил шаарддаггүй ажил хийдэг хүмүүс энэ хэмжээний цалин авч байхад хүнээр хүн хийдэг хүмүүс энэ цалинг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 3,500,000 төгрөг болгож байж багшийн дутагдал, хөдөлмөрийн мөлжлөгт өртөхгүй. Хөдөлмөрийн мөлжлөг гэж байгаа учир нь нэг багш 35 хүүхэдтэй ажиллах ёстой байтал нэг анги 70 хүртэл хүүхэдтэй. Хоёр хүний ажлыг хийгээд нэг хүний цалин авч байна шүү дээ.

– Багш нарын үндсэн цалинг нэмж, бүтцийг нь өөрчлөх талаар Боловсролын сайд болон зөвлөх нь мэдэгдээд байгаа. Одоо олгож буй олон төрлийн нэмэгдэл байгааг цэгцэлнэ гэж ярихдаа орон нутгийн нэмэгдлийг хэд хэдэн удаа жишээлж байсан. Гэтэл тухайн нэмэгдэл нь орон нутагт багшийг тогтоон барих бодлого шүү дээ. Энэ тал дээр танай эвлэл ямар байр суурьтай байна вэ?

– Өмнө нь хүрсэн түвшингээс буурч болохгүй гээд олон улсын эдийн засгийн пактад бий. Авч байгаа цалин хөлс нь аль ч түвшинд буурч болохгүй, нэмэгдэх ёстой.

Бид үндсэн цалин ярьж байгаа болохоос биш нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг огт яриагүй. Учир нь 1-5 жил ажиллаж буй багш нар ямар ч нэмэгдэл авдаггүй. Мөн орон нутагт боловсролын салбарыг оршин тогтнуулж байгаа хүмүүсийн нэмэгдэлтэй огт барьцаж болохгүй.

Нэмэгдэл, нэмэгдэл хөлстэй холбогдуулахгүйгээр үндсэн цалинг 3,500,000 төгрөгт хүргэ гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа. Бусад нэмэгдлийг үүнд шингээхийг эрс эсэргүүцнэ. Учир нь тухайн үедээ ажил хөдөлмөрөө үнэлүүлээд, дүрэм журмын шаардлагуудыг хангасныхаа төлөө нэмэгдэл, нэмэгдэл хөлс авч байгаа. 

– Та цалин нэмэгдүүлэх тэмцлийн талаар мэдээлэл өгөх бүрдээ хуулийн хүрээнд ажиллана гэж хэлсээр байна. Өнөөдрийн та бүгдийн тайван жагсаал тодорхой үр дүнд хүрэхгүй буюу тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн алхам нь юу байх вэ. Ажил хаялт зарлах тухай үе үе хөндөгдөж байгаа?

– Боловсролын Яамтай хийж буй хэлэлцээр дээр зууч томилуулъя гэсэн ч яам зөвшөөрөөгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Газарт зууч томилуулахаар хандсан. Энэ нь гурав хоногийн хугацаатай. Хэрэв зууч томилж өгвөл арбитр руу шилжих ба энэ нь тав хоногийн хугацаатай. Нийтдээ найм хоногт асуудал шийдэгдэхгүй байвал хамтын маргаан нь ажил хаялтад бүрэн шилжинэ.

Ажил хаяхад анхан шатны нэгжүүд хурлаа хийгээд тав хоногийн өмнө ажил олгогчдоо мэдэгдлээ хүргүүлнэ. Ингээд ажил хаях хугацаанд тухайн байгууллагын аюулгүй байдал, хүүхдүүдийн асуудлыг ажил олгогч буюу сургуулийн захирал, менежерүүд бүрэн хариуцах ёстой. 

Ажил хаявал УИХ, Засгийн газраас боловсролын салбарт энэ төсвийг шийдлээ гэх хүртэл үргэлжлүүлэх байх. Иймд энэ хэлбэрт оруулахгүйгээр боловсролын салбараа ойлгож, УИХ-ын гишүүд хүчин чармайлт гаргаж, тэвчиж болох зардлуудаа тэвчээд багш нарынхаа асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. 

– Боловсролын Яам та бүхний тавьсан шаардлагад ямар хандлагатай байгаа вэ. Тухай бүрд хариу өгч хамтран ажиллаж чадаж байна уу?

– Үндсэн цалин нэмэхийг Боловсролын Яам, Сангийн Яам, Хөдөлмөрийн яам гээд бүгд дэмжиж байгаа. Гэтэл улсын төсөв батлахад төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг хууль гаргачхаад түүнийхээ хайчинд ороод зогсчихсон.

Яам өөрийнхөө хэмжээнд шийдээд Засгийн газарт өгдөг, Засгийн газар нь үндсэн цалин нэмэхийг боломжгүй гээд байгаа. Үүнийг гол шийдэх нь Улсын Их Хурал(УИХ). УИХ-ын гишүүд төсөв батлахдаа яаж анхаарах вэ гэдгийг харна. Өнөөдөр УИХ-ын гишүүдэд хандан жагсаж байгаа.  Өмнө нь яамтайгаа хамтын маргаан үүсгэсэн учраас хуулийнхаа дагуу явна.

– Танайд багш нарын нийгмийн байдлын талаарх судалгаа байдаг уу. Өнөөдөр жагсаж буй олон багш зээлээс зээлийн хооронд амьдарч байгаагаа хэлж байна?

– Багш нарын ахуй амьдрал, нийгмийн байдлын талаар жил бүр судалгаа хийдэг. Энэ жилийн судалгааг нэгтгэж байгаа. Зарим үр дүнгээс, тухайлбал багш нарын 80 хувь нь зээлтэй, тэдний 40 хувь нь давхар зээлтэй. Мөн өөрийнхөө үр хүүхдүүдэд цаг гаргах боломж маш хомс. 

Боловсролын салбарт ажиллаж байгаа эрэгтэй багш нарт бүр ч хүндрэлтэй. Ар гэрээ авч хэрэгтэй байдаг ч цалин бага тул нийт багш нарын дийлэнх нь эмэгтэй болсон.

Боловсролын салбарын бодит байдлыг газар дээр нь очиж харах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг нэг өдөр 70 хүүхдэд хичээл заагаач, нэг өдөр 40 хүүхдийг цэцэрлэгт хүлээж аваад ажиллаач гэж урьж байгаа. Тэгж бодитоор мэдрэх хэрэгтэй. Өөрсдийнхөө сурагч байх үеийн ойлголтоор л явцгаагаад байна. Нийгэм ямар өөр болсныг ойлгохгүй байгаа учраас шаардлагатай зардлыг гаргахгүй, үнэлэмж тааруу байгаа гэж харж байна. 

More From Author

Ахмадын баярын хамгийн үнэ цэнтэй бэлэг – ҮЕ МӨЧНИЙ ШИНГЭН ДОКТОР

Д.Тунгалаг: Гадаадад бакалаврт сургаж байгаа бүх тэтгэлгийг төсвөөс хасмаар байна. Дарга нар нь авчихдаг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн