С.Баярбилэг: Мөрдөн шалгах ажиллагаагаар хүүгийн нас барсан шалтгаан, тухайн газарт өмнө нь эрэн хайсан уу зэргийг шалгана

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас хоёр настай хүү 2025 оны есдүгээр сарын 17-нд сураггүй алга болсон. 

Хүүг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид болон гэр бүлийнхэн нь, орон нутгийн иргэд эрэн хайсаар өнөөдөр хүүгийн цогцос олдсоныг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдэгдлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Энэ оны есдүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл анх бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэд, олон нийтийн хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 километр орчим зайны радиусад олсон. Тун харамсалтай үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллагаас хуульд заасны дагуу эрэн хайх, тухайн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хүүхэд алга болсон, хүүхдийн цогцос олдсон асуудалд хэргийн газрын хамгаалалт авч, мөрдөн шалгах ажиллагааг энэ цаг мөчид үргэлжлүүлж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Тухайн газар нь мод, тал хосолсон байна. Одоогоор үзлэг шалгалт хийж байгаа учраас шинжээчийн дүгнэлтийн дараа мэдээлэл өгөх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  тухайн нөхцөл байдалд эрэн хайх ажиллагаа хийгдсэн үү, тэр үедээ олох боломжгүй газарт байсан уу зэрэг нь давхар шалгагдана” гэсэн юм.

Хоёр настай хүүгийн уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гарах учиртай. Шинжилгээний цар хүрээнээс хамаарч дүгнэлт гарах хугацаа харилцан адилгүй гэдгийг ЦЕГ-аас мэдэгдлээ.

More From Author

Хоёр ёкозүнагийн даваа, унаа тэнцлээ

ОБЕГ: Хүүгийн цогцсыг алга болсон цэгээс нь явганаар шулуун явахад 9 км зайтай газраас олсон

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн