АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ач охин өөрийн нэрээр үүсгэсэн бэлэн хувцасны шинэ брэндийг олон нийтэд танилцуулжээ.
Ингэхдээ тэр $130-ын үнэтэй цамцыг өөрөө өмсөж, Цагаан ордонд сурталчилгааны гэрэл зураг авхуулсан байна.
Баасан гарагийн орой тэр 79 настай өвөөгийнхөө хамт Цагаан ордны гадаа сэтгүүлчидтэй уулзжээ.
“Ташрамд дурдахад энэ бол Кай” гэж Трамп ач охиноо танилцуулсан байна.
Дараа нь тэд Ryder Cup гольфын тэмцээн зохион байгуулагдаж буй газарт очихоор нисдэг тэрэгт суужээ.


Энэ жил 18 настай Кай Трамп бол ерөнхийлөгчийн ууган хүү Дональд Трамп Жүниорын охин юм. Ерөнхийлөгч Трампын ач зээ нарын ууган нь болох Кай ирэх жил Майамигийн Их сургуулийн гольфын багт элсэх төлөвтэй байгаа.
Тэрбээр Пүрэв гарагт өөрийн брэндийн хувцсыг борлуулдаг вэб сайтыг зах зээлд танилцуулсан юм.


Кайгийн эцэг, эх хоёр салсан бөгөөд ээж нь болох загвар өмсөгч асан Ванесса Хэйдон одоо мэргэжлийн гольфын домогт тамирчин Тайгер Вүүдстэй дотно харилцаатай болсон гэсэн мэдээлэл бий.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нараас ялгаатай нь Дональд Трамп өөрийн нэрээр нэрлэгдсэн маш олон бараа бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай.
Түүний энэ байдал ашиг сонирхлын зөрчлийн талаар шүүмжлэлийг байнга дагуулдаг.
Кайгийн авга эгч Иванка 2007-2018 онуудад өөрийн брэндийн бэлэн хувцасны бизнестэй байсан ч үүнд эцгийнхээ албан тушаалыг ашигладаг гэсэн шүүмжлэлийн улмаас гарч байжээ.
Иванкаг гарсны дараа энэ бизнес буцаж сэргээгүй гэдэг.
Эх сурвалж: AFP