Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоод эх орондоо ирээд буй. Тэрбээр НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцож, тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзсан талаараа албан ёсны сайтаараа мэдээлсэн.
Мөн төрийн тэргүүнийг Бүгд Найрамдах Финланд улсын Ерөнхийлөгч Александер Стубб болон Монтенегро улсын Ерөнхийлөгч Яков Милатович нартай уулзсан талаар мэдээлж байв.
Харин албан бусаар Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский, Бүгд Найрамдах Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей, Бүгд Найрамдах Словени улсын ерөнхийлөгч Наташа Пирц Мусар, Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай нартай уулзаж, халуун дотноор яриа өрнүүлжээ. Эдгээр уулзалтыг харуулсан видеог Ерөнхийлөгч инстаграм дахь хаягтаа оруулсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй найрсгаар уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн чуулганд оролцохдоо НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн түүний хэвлэлийн албанаас мэдээлсэн. Энэ нь Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогодоо тууштай байгаагийн илрэл юм.
Бүгд Найрамдах Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей
Тус улсын ерөнхийлөгч Хавьер Милей 2023 онд улс төрд цахиур хагалж гарч ирсэн. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг өөд татах “цочир эмчилгээний арга“ хэрэглэсэн нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байв. Мөн Хавьер Милейг авлигын дуулианд холбоотой гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд байгаа юм.
Төрийн тэргүүн болон Бүгд Найрамдах Словени улсын ерөнхийлөгч Наташа Пирц Мусар нарын халуун дотно уулзалт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, үргэлжлүүлэн наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцож байсан билээ. Тэрбээр Словени улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм.
Хуучны танилууд тэврэлдэн уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар хүүхдүүдийн хамт 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал байсан юм.
Түүний дараа 2024 оны есдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайг хүлээн авч уулзаж байв.
Хуучны танилууд энэ удаад ч мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тэврэлдэх уулзжээ.