Намын даргын суудлын төлөөх зодоон засаг унагаах хэмжээнд хүрсэн юм биш байгаа

Монгол Ардын Намын /МАН/ даргын сонгууль зөвхөн намын бус төрийн хэмжээний асуудал болж өргөжин, өдөр бүр олон нийтэд “гэнэтийн бэлэг” барих болов.

Хонон өнжин хуралдсан Бага хурлаас Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон хэмээн мэдэгдсэн ч түүнтэй өрсөлдсөн Г.Занданшатарыг дэмжигчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мөн мэдэгдээд буй. 

Ийнхүү талууд хэрхэн нь тодорхойгүй байтал өчигдөр Ерөнхий сайд түрүүлэн “нүүдэл” хийчхэв. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Улмаар хуульд заасны дагуу шинээр томилох сайдаа Ерөнхийлөгчид танилцуулсан байна. Харин өөрийг нь шалгахаар томилогдох гэж буй сайдыг УИХ-д танилцуулах цагийг спикер өгөөгүй байгаа. Нэгэн цагт нууцхан шивнэлдэж явсан хоёр /нийтлэлийн эхэн дэх гэрэл зураг/ өнөөдөр нэг нь намын дарга, нөгөө нь сайд болохоор зүтгэж байна. 

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн заасан байдаг. 

Болж өнгөрсөн явдлуудыг нэгтгэж харвал, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-аас шалгаж, баривчилсан. Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа даргад нэрээ дэвшүүлэх болсноо зарласан. Б.Энхбаяр гишүүн ярилцлагын нэвтрүүлэгт оролцож Д.Амарбаясгалантай холбоотой олон ноцтой зүйл ярьсан. Маргааш нь Д.Амарбаясгалан хэвлэлээр дамжуулан 3 цагийн турш хариу тайлбар өгсөн. Ингээд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болж Д.Амарбаясгаланг даргаар сонгосноо түүнд санал өгсөн намынхан нь мэдэгдсэн. Харин нөгөө талд Г.Занданшатарт санал өгснүүд нь даргын сонгууль хуулийн дагуу явагдаагүй гэж мэдэгдсээр буй. Ингээд өмнө дурдсанчлан Ерөнхий сайд хуулийн сайдаа солих мэдэгдэл хийв. 

Уг мэдэгдлээрээ Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шууд утгаар нүүрсний хулгайч хэмээн зарласан. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд буюу өрсөлдөгчөө дарахаар Б.Энхбаярыг хуулийн сайдаар томилж байна хэмээсэн. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд ч гэлээ Г.Занданшатар хуулийг ашиглаж, хуулийн сайдаар өрсөлдөгчөө намнуулах нь. Түүнийгээ ил тод зарлалаа. 

Харин маргааш эсвэл ирэх өдрүүдийн шинэ дуулиан нь Засгийн газрыг огцруулах тухай байх бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Хууль зүйн сайдыг шинээр томилсон бол УИХ-ын даргын зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг сөргүүлэн тавих нь.

Энэ дунд сайд болох гэж буй Б.Энхбаярыг намаас хөөх асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар өнөөдөр /2025.10.1/ 17:00 цагт хэлэлцэхээр болсон гэдэг мэдээлэл бий. Түүнийг намаас хөөх тухай шаардлагад Бага хурлын 100 гаруй гишүүн гарын үсэг зуржээ. Гэхдээ намаас хөөгдөх нь сайдын албан тушаалаас гэнэт чөлөөлөгдөхөөс хамаагүй хөнгөн шийтгэл байж мэдэх юм. 

More From Author

“30% НЭМЭГДЛЭЭ” сурталчилгааны учир юу байв?

ФОТО: Тээвэрчид зам ашиглах төлбөрийг ₮150,000 болгон нэмэгдүүлснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн