Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор улс төрийн үйл явдлууд эрчимтэй өрнөж байна.
Болж байгаа үйл явдалтай холбоотой тодорхой тайлбаруудыг хийе.
Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр Гүйцэтгэх засаглалын зүгээс намайг баримтгүйгээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Гүйцэтгэх засаглалын зүгээс надаар шалтаглаж хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг доромжлох, бойкотлох ажил хийгдэж байна.
Хамгийн тод жишээ нь Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 15:00 цагт эхэлсэн ч хуралдаж чадахгүй байсаар хаалаа. Засгийн газар болон бусад УИХ-ын гишүүдээс, магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс үзүүлж байгаа дарамтаас хамааралтайгаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаж чадсангүй. 10 гишүүн ирцэнд бүртгүүлээд хоёр цаг болсон.
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналыг үндэслээд цагдаагийн байгууллагын удирдлагуудаас цаг үеийн шинжтэй бодит мэдээлэл авахаар байнгын хорооны хурлыг зарласан. Гэвч харамсалтай нь намайг гүтгэсэн этгээдүүд ирээгүйн улмаас байнгын хороо хуралдсангүй.
Намайг нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд сайдын албан тушаалаар шагнуулж байгааг ард түмэн харж байна.
Би АН-ын удирдах дээд байгууллага болон УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Мөн бүлгийн хуралдаа намайг оролцуулж, албан ёсны тайлбар сонсоно гэдэгт бүрнээ итгэлтэй байна.
Намайг онц ноцтой хүн амины гэмт хэрэгт гүтгэсэн. Тиймээс энэ асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газарт хандаж намайг энэ асуудалд холбоотой эсэхэд тайлбар, мэдээлэл гаргаж өгнө үү гэдэг хүсэлт явуулсан.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хууль, хяналтын байгууллагуудыг иргэдийн хүсэж байгаа хэрэгцээ шаардлагад хариу өгч, шуурхай ажиллуулж өгөөч гэж хандсан. Магадгүй ингэж хандсанаар надад цагдаагийн байгууллагын хариуг өгүүлэхгүйн тулд Л.Мөнхбаатар сайдыг яаравчлан чөлөөлөх тухай ярилаа гэж ойлгосон. Надад цагдаагийн байгууллагаас хариу ирсэн. Уг хариунд “2025 оны гуравдугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэрэг үүсгэхээс татгалзсан болохыг прокурорт хүргүүлсэн” гэсэн байна. Намайг энэ хэрэгтэй холбоотойгоор шалгасан зүйл байхгүй. Гэрчийн болон бусад хэлбэрээр тайлбар, мэдүүлэг аваагүй болно” гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан хүсэлт болон түүнд ирүүлсэн хариулт