Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино “Академи Авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болсон талаар Монголын кино урлагийн зөвлөлөөс мэдээллээ.
Тодруулбал “Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг наймдугаар сард байгуулсан байна.
Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver) уран сайхны киног шалгаруулжээ.