Хар тамхины алдарт гэмт хэрэгтэн Пабло Эскобар агсны хуучин эзэмшлийг Колумбын зэвсэгт мөргөлдөөнд хохирсон эмэгтэйчүүдэд хувааж өгөх шийдвэрийг тус улсын ерөнхийлөгч Густаво Педро гаргажээ.
Меделлин картелын босс Эскобар нь 1980-аад оны үед дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогдож, Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $25 тэрбум гэж үнэлж байв.
Тэрбээр хөрөнгийнхөө зарим хэсгээр Колумбын баруун хойд бүсийн Антиокиа мужийн нутагт орших Асиенда Наполес нэртэй асар том эдлэнг тохижуулж байжээ.
Энд түүний үнэтэй чамин автомашинууд, судалт тахь, анааш, имж, усны үхэр зэрэг ховор амьтдаас бүрдсэн хүрээлэн, нисэх онгоцны буудал, усан сангууд, 1,000 хүний суудалтай бухын тулааны дэвжээ зэрэг байрлаж байлаа.
Уг эдлэнгийнхээ хаалган дээр тэр АНУ руу анхны кокаин тээвэрлэлтийг гүйцэтгэсэн нисэх онгоцны загварыг залж байжээ.
Эскобарыг 1993 онд Меделлин хотод барилгын дээвэр дээр цагдаа нарт буудуулж алагдсаны дараа уг эдлэн эзгүйрч, эвдэрч сүйрсэн юм.
Эхлээд Колумбын засгийн газар эдлэнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, орон нутгийн эрх баригчдад түрээслүүлэн цэцэрлэгт хүрээлэн, үзмэрийн газар болгож байжээ.
Харин одоо энэ газрын хэсгийг олон арван жил Колумб улсад үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний хохирогч эмэгтэйчүүдэд өмчлүүлэхээр болж байна.
Эдлэнгийн 120 га газрыг нутгийн тариаланч эмэгтэйчүүдэд өгч буйг засгийн газар энэ долоо хоногт зарлажээ.
Үндэсний Газрын Агентлагийн тэргүүн Фелип Арман уг шийдвэрийг “тэмцлээ хэзээ ч зогсоогоогүй эмэгтэйчүүдийн түүхэн ялалт” гэж магтсан байна.
Газрын маргаан бол Колумбын нийгмийн хамгийн хурц асуудлуудын нэг юм. Хар тамхины бүлэглэлүүд, партизанууд кокаины үйлдвэрлэлд ашиглах эзэмшил газраа тэлэхийн тулд тариачдыг хүчээр хөөж, талбайг нь булаах явдал түгээмэл гардаг.
Өнгөрсөн тавдугаар сард зүүний үзэлтэй ерөнхийлөгч Густаво Петро анх Эскобарын эдлэнгийн зарим хэсгийг тариаланчдад өгөх тухай мэдэгдэж байв.
Эскобар эдлэнгээ байгуулахын тулд зарим газрыг худалдан авч, заримыг нь хүчээр булааж байсан гэдэг.
Гэвч орон нутгийн зарим хүмүүс, бизнес эрхлэгчид жил бүр нэг сая гаруй жуулчин татдаг Эскобар агсны эдлэнг хэвээр үлдээхийг хүсэж байлаа.
Үүний улмаас 1,500 орчим хүн нэг удаа Меделлин-Боготагийн хурдны замыг хаан эсэргүүцэл илэрхийлж байжээ.
Гэсэн хэдий ч Петро зорьсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна.
Одоо Эскобарын амьтны хүрээлэнгээс алдагдаж, зэрлэгшсэн усны үхрүүд нутгийн иргэдийн ажил амьдралд аюул занал учруулсаар байгаа.
Колумбын эрх баригчид эдгээр амьтдыг яах талаар удаан хэлэлцэж байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Эх сурвалж: AFP