Бямба гарагт Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд 64 настай Санае Такаичи ялснаар Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болох зам нээгдлээ.
Такаичи нь намынхаа баруун жигүүрийн төлөөлөл, илүү консерватив талыг баримтлагчдын нэг юм.
Засгийн газрын сайд асан, телевизийн хөтлөгч асан, хүнд металл бөмбөрчин асан тэрбээр Японы хамгийн алдартай улс төрчдийн нэг, бас нийгмийг нэлээд талцуулдаг маргаантай хүмүүсийн нэг гэгддэг.
Такаичийг эдийн засгийн уналт, инфляц зэрэг олон сорилт хүлээж байна.
Тэр АНУ-тай харилцах харилцааг зохицуулж, Трампын засаг захиргаатай өмнөх ерөнхий сайдын тохиролцсон худалдааны гэрээ хэлцлийг үргэлжлүүлэх ёстой.
Хэрвээ Японы парламент түүний томилгоог дэмжвэл дотоод зөрчил, элдэв дуулиан шуугианд хутгалдсан Либерал Ардчилсан Намыг дахин нэгтгэх хэцүү сорилттой тулгарах болно.
Жил хүрэхгүй хугацааны өмнө томилогдсон өмнөх ерөнхий сайд Шигэрү Ишиба сонгуулиар парламентын хоёр танхимд намынхаа олонхын байр суурийг сулруулсны улмаас огцорч байгаа юм.
Такаичи нь Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчерийн шүтэн бишрэгч гэгддэг. Одоо тэр өөрөө “Төмөр хатагтай” болоход нэг алхмын зайд хүрээд байна.
Гэвч олон эмэгтэй сонгогчид түүнийг хүйсийн тэгш эрхийн төлөө тэмцэгч биш гэж үздэг.
Тухайлбал тэр гэрлэсний дараа нөхрийнхөө овгийг авалгүй, гэр бүлийн овгоо хадгалж үлдэхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрсөн хуулийг эсэргүүцэж, үүнийг уламжлалын эсрэг зүйл гэж үзэж байв.
Такаичи бас ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэгчдийн нэг юм.
Ерөнхий сайд агсан Абе Шинзог дагаж улс төрч болсон хүнийхээ хувьд тэр Абеномикс гэгддэг эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлаж байна.
Такаичи бас Японы энх тайванч үндсэн хуулийг шинэчлэх хүсэлтэй, аюулгүй байдлын асуудалд хатуу байр суурь баримталдаг нэгэн.
Тэрбээр дайны гэмт хэрэгтнүүдийн шарилыг хадгалдгаараа маргаан дагуулдаг дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн бунхан Ясүкүни сүмд байнга зочилдог хүн юм.
Такаичи шинэ ерөнхий сайд болох нь тодорхой ч парламентын хоёр танхим дахь Либерал Ардчилсан Намын олонхын байр суурь суларсан тул өмнөх ерөнхий сайд нар шиг шууд ногоон гэрлээр томилогдохгүй байх магадлалтай байна.
Эх сурвалж: BBC