Бямба гарагт засгийн газрын эсрэг жагсагчид Гүрж улсын нийслэл Тбилиси хот дахь ерөнхийлөгчийн ордонд дайран орох гэж оролдсоны улмаас мөргөлдөөн гарсан байна.
Энэ үеэр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглажээ.
Өнгөрсөн онд болсон парламентын сонгуульд Москвагийн талыг баримтлагч Гүржийн Мөрөөдөл нам ялснаас хойш Өвөр Кавказын энэ улсад тогтворгүй байдал үүсээд байгаа.
Шударга бус болсон гэж Европын талыг баримтлагч сөрөг хүчний үзэж буй уг сонгуулийн дараа Гүрж улсын засгийн газар Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг түр зогсоосон юм.
Өчигдрийн жагсаал орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөртэй давхацсан байна.
Эрх баригчдын дарангуйллыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн уг сонгуулийг бойкотлож байгаа юм. Бямба гарагт Гүрж улсын болон Европын Холбооны туг далбааг намируулсан олон арван мянган хүн Тбилиси хотын төвөөр жагссан байна.
Жагсаалыг зохион байгуулагчдын нэг, дуурийн дуучин Паата Бурчуладзе ард түмний хүсэл зоригийг дуулгавартай дагаж, Гүржийн Мөрөөдөл намын зургаан том зүтгэлтнийг нэн даруй баривчлахыг дотоод хэргийн яамны албан тушаалтнуудад уриалж байжээ.
Дараа нь жагсагчид ерөнхийлөгчийн ордонд хүрч, хашаанд нь нэвтрэхийг завдаад цагдаагийн хүчтэй тулгарсан байна.


Сүүлийн саруудад Гүржийн эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн идэвхтнүүд, сөрөг хүчнийхнийг хэлмэгдүүлэх нь улам нэмэгдэж, Өрнөдийн талыг баримтлагч олон улс төрчийг торны цаана суулгаад байгаа юм.
Эх сурвалж: BBC