Баасан гарагт Америкийн поп од Тэйлор Свифт хайр дурлал, секс, амжилт, өшөө авалтын тухай дуунуудаас бүрдсэн “The Life of a Showgirl” нэртэй цомгоо нээсэн нь богино хугацаанд стриминг платформуудын хэд хэдэн дээд амжилтыг эвджээ.
Тухайлбал уг цомгийн 12 дууг сонсохоор яарсан шүтэн бишрэгчид нь Spotify, Apple Music, Amazon Music зэрэг үйлчилгээнүүдийн дээд амжилтуудыг зэрэг зэрэг шинэчилсэн байна.
Spotify, Apple Music платформууд дээр энэ цомог 2025 оны нэг өдрийн дотор хамгийн олон цацагдсан цомог болсон бол Amazon Music дээр бүх цаг үеийн дээд амжилтыг нь тогтоожээ.
Цомгийн хит дуу “The Fate of Ophelia” нь Apple Music платформын эхний өдрийн цацалтын дээд амжилтыг эвдсэн байна.
Тэйлор Свифт энэ цомгоо америк хөлбөмбөгийн NFL лигийн од Травис Кэлситэй сүй тавьж, хөгжмийн бүх уран бүтээлүүдийнхээ эзэмших эрхийг өмчлөлдөө шилжүүлэн авч, дээд амжилт тогтоосон Эрас аялан тоглолтоо өндөрлүүлсний дараа гаргаж байгаа юм.
Тиймээс цомог голдуу хөнгөн, баяр хөөртэй дуунуудаас бүрджээ.
35 настай Свифт цомгоо нээхээс өмнө “энэ бол миний амьдралын хамгийн баяр баясгалантай, эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөсөн хэсгээс төрөн гарсан юм” гэж хэлж байв.
Эх сурвалж: Associated Press