Сэжигтэй дронууд үзэгдсэн шалтгаанаар Мюнхений нисэх буудлын үйл ажиллагаа 24 цагийн дотор хоёр удаа зогсжээ

Герман улсын Мюнхен хотын нисэх буудалд сэжигтэй дронууд ажиглагдсаны улмаас 24 цагийн дотор хоёр удаа үйл ажиллагаагаа түр зогсоосны дараа Бямба гарагт нээгджээ.

Эхний удаа Пүрэв гарагийн орой тус нисэх буудлын агаарын орон зайд хэд хэдэн сэжигтэй дрон нэвтэрсэн тул хамгийн цөөндөө 17 нислэг саатсан байна.

Дараа нь Баасан гарагийн оройн 9:30 цагийн үед ижил шалтгаанаар түр зогсоход нийт 6,500 орчим зорчигчийн нислэг саатжээ.

Нислэгүүд сэргэж, аажмаар хэвийн ажиллагаанд шилжсэнээ Бямба гарагийн өглөө Мюнхений нисэх буудлын захиргаа мэдээлсэн байна.

Гэхдээ ижил шалтгаантай саатлууд гарч болзошгүйг анхааруулаад нисэх буудалд ирэхээс өмнө нислэгийнхээ төлөвийг шалгахыг зорчигчдод зөвлөжээ.

Сүүлийн өдрүүдэд Европын олон нисэх буудалд сэжигтэй дронууд үзэгдсэний улмаас үйл ажиллагаа нь саатдаг болоод байгаа.

Пүрэв гарагт Бельги улсын эрх баригчид Германы хилийн ойролцоо оршдог Элсенборн цэргийн баазын орчимд 15 дрон үзэгдсэн хэргийг шалгаж байгаагаа мэдээлжээ.

Бельгиэс Герман руу ниссэн эдгээр дронуудыг хаанаас хөөргөсөн, хэн удирдаж байгааг тогтоогоогүй байна.

Бямба гарагт болох Европын дотоод хэргийн сайд нарын уулзалтын үеэр дроноос хамгаалах асуудлыг оруулж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа Германы дотоод хэргийн сайд Александер Добриндт мэдэгджээ.

Уг уулзалтын үндсэн сэдэв нь цагаачлалын асуудал байсан гэнэ.

Баасан гарагт Добриндт бас цагдаа нарт дрон устгах хүсэлтийг зэвсэгт хүчинд гаргах эрх олгох хуулийн төсөл боловсруулахаа амлаж байв.

Энэ долоо хоногийн эхээр Данийн нийслэл Копенхагенд уулзсан Европын Холбооны удирдагчид өөрийн зүүн хил дагуу “дроны хана” байгуулах саналыг дэмжсэн юм.

Польш улсын агаарын хилд Оросын 20 орчим дрон нэвтэрсэн үйл явдлын дараа ийм арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Копенхаген болон Осло хотуудын нисэх буудалд дрон үзэгдсэн шалтгаанаар үйл ажиллагаа нь саатаж байлаа.

Копенхагены уулзалтын өмнө Германы канцлер Фридрих Мерц сэжигтэй дронуудыг “Оросоос ирж байгаа гэж таамаглах үндэслэлтэй” гэж мэдэгдсэн юм.

Оросын тал одоогоор үүнд ямар ч хамаагүйгээ мэдэгдээд байна.

Пүрэв гарагт Хар тэнгисийн эргийн Сочи хотод болсон олон улсын арга хэмжээнд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Путин дрон нисгэх тушаал өгснөө үгүйсгэсэн юм.

“Би ийм зүйл дахин хийхгүй. Франц, Дани, Копенхаген руу би дахин дрон нисгэхгүй” гэж тэр энэ талаар асуултад хошигнон хариулж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Шинэ орон сууцны төслийг баг, байгууллагад зориулсан сургалт

Америкийн поп од Тэйлор Свифт шинэ цомгоороо стриминг платформуудын дээд амжилтыг эвдлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн