Каритас Чех Репаблик байгууллага Монгол дахь 20 жилийн үр дүн, түүхэн баримтаа Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө

зураг
 

Монголд 20 жил үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик байгууллагын түүхэн баримтыг Үндэсний төв архив хөмрөг үүсгэн хүлээн авлаа.

зураг
 

2025 оны 10 сарын 6-ны өдөр Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ) Монгол улсад хэрэгжүүлсэн 20 жилийн үйл ажиллагааны үр дүн, баримт материалаа Үндэсний төв архивт албан ёсоор хүлээлгэн өгч, тусгай хөмрөг үүсгэн хадгалууллаа. 

Каритас Чех Репаблик нь Чех улсын Прага хотод төвтэй, тус улсын хамгийн том төрийн бус байгууллага бөгөөд Европын орнууд дахь 300 гаруй салбар болон дэлхийн 7 орны  төлөөлөгчийн газруудаараа дамжуулан хүмүүнлэгийн тусламж, болон хөгжлийн дэмжлэг үзүүлж ажилладаг.

Монгол улсад тус байгууллага 2006 онд анхны нийгэм хамгааллын төслөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа эхэлж, 2008 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд боловсрол, хүний эрх, нийгэм хамгаалал, хүмүүнлэгийн тусламж, хөдөө аж ахуй, байгаль орчин, ногоон эдийн засаг зэрэг олон салбарт 21 төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

зураг
 

Эдгээрийн дотор зудад нэрвэгдсэн малчдад хүнсний тусламж үзүүлэх, дахин малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, алслагдсан сумдад анхны нүүдлийн эмнэлгүүдийг байгуулах, барилгын хог хаягдлыг боловсруулах анхны үндэсний стандартуудыг батлуулах, их дээд сургуулиудад технологийн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, сургалтад нэвтрүүлэх зэрэг бодит үр нөлөөтэй ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

зураг
 

Ж.Дэжидмаа
Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч:

“Сүүлийн жилүүдэд бид байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр Европын холбооны санхүүжилттэй “Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл болон “Эдийн засгийн ногоон шилжилт” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

Монгол улс анх удаа хуванцар дахин боловсруулах чиглэлээр үндэсний стандартуудтай болж, орон нутагт хог хаягдлаа зохицуулах жишиг төвийг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байгуулсан. Мөн Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Увс аймгуудад 1000 гаруй бизнес эрхлэгчийг ногоон үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулж, олон нийтийн зан төлөвт өөрчлөх оруулах томоохон компанит ажлуудыг зохион байгууллаа.” 

Ийнхүү 2025 оны 8 сарын 31-ний өдрөөр Каритас Чех Репаблик байгууллага Монгол улс дахь үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож, 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн бүхий 503 нэгж цаасан болон 1350 дижитал баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө.

С.Шижирбаатар 
Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын эрхлэгч: 

зураг
 

“Каритас Чех Репаблик байгууллага бол манай улсын хөгжилд олон салбарт бодит хувь нэмэр оруулсан олон улсын байгууллага юм. Тиймээс Архивын албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28.8-д заасны дагуу тус байгууллага 180 дугаартай хөмрөг үүсгэн баримтуудаа хадгалуулсан.

Иргэд, судлаачид эдгээр төслийн хүрээнд боловсруулагдсан судалгаа, тайлан зэрэг мэдээллийг Үндэсний төв архивт албан ёсоор хүсэлт гарган авч ашиглах боломжтой.”

зураг
 
зураг
 
зураг
 

Энэхүү хөмрөг нь Монгол улсад 20 жилийн хугацаанд хэрэгжсэн хүмүүнлэгийн болон хөгжлийн төслүүдийн үнэт баримт, түүхийг хадгалсан архивын бүртгэл болон үлдэж байна. Каритас Чех Репаблик байгууллагын манай улсад үлдээсэн өөрчлөлт, хөгжил дэвшил олон салбарт суурь болж, цаашид ч Монголын ард түмэнд үр шимээ өгсөөр байх болно.

зураг
 

 

More From Author

“Хагас коксон түлшний асалтын хугацаа уртассан учир угаартах эрсдэлийг бууруулах онолын магадлалтай” гэв

ФОТО: Маргаашийн чуулганы дараа эрхэм гишүүд биесээ эгцэлж харж чадах болов уу?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн