Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Thunderpick World Championship 2025” тэмцээн Мальт улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсын “The MongolZ” баг өчигдөр А хэсгийн эхний учраандаа Аргентины “9z Team” багийн эсрэг тоглож хожсон. Тэгвэл өнөөдөр хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын “FURIA” багтай “Во3” (гурав “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай хожигдлоо.
Ийнхүү манай улсын баг А хэсгээс хоёрдугаар байраар шалгарахын төлөө маргааш 21:00 цагт Данийн “OG” болон Аргентины “9z Team” багийн аль хожсонтой нь тоглохоор болж байна.
Түүнчлэн “The MongolZ” баг сүүлийн гурван учраандаа Бразилчуудыг хожиж чадсангүй. Хамгийн сүүлд өнгөрсөн сард Сербийн Белград хотноо зохиогдсон FISSURE Playground 2 тэмцээний аваргын төлөө Бразилын “FURIA” багт хожигдож байв.