Монгол Улсын үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг “Хүнс групп”-ийн хамт олон ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫГ салбартаа анхлан хэрэгжүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл өөрсдийн үйл ажиллагаанд хамгийн их уялдаж, хэрэгжүүлэх боломжтой №2, 4, 8, 11 дугаар зорилтууд юм. Эдгээр ерөнхий зорилтуудыг тодруулбал:
- Хүн бүрийг тэжээллэг хоол хүнсээр хангах,
- Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих,
- Хог хаягдлын зохистой менежментийг дэмжих юм.
Хэрэглэгчдийн гарт, хүн бүрийн гэрт чанарын баталгаатай хүнсийг түгээхээр салбартаа түүчээлэн ажиллаж буй бодлого, зорилтын талаар “Хүнс групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Гантулгатай ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэе.
-Орчин үед ААН, байгууллагууд байгальд ээлтэй үйл ажиллагаа, технологийг нэвтрүүлэхийг эрхэмлэх болжээ. Тэгвэл хүнсний салбар, тэр дундаа “Хүнс групп”-ийн хувьд энэ чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Сайн байна уу, уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүнсний салбар бол бусдаас маш олон төрлөөр онцлог. Тэр утгаараа түүхий эд цуглуулахаас эхлээд боловсруулах, үйлдвэрлэх, түгээх хүртэл процесс шат дамжлага ихтэй.
Эдгээр шат дамжлага бүрд түүхий эдийн бүтээгдэхүүнээс хаягдал, илүүдэл гарах нь түгээмэл үзэгдэл. Тиймээс ч малын гаралтай бүтээгдэхүүнээс гарсан хаягдлыг дахин боловсруулж ашиглахад анхаарч ажиллаж байна.
-Хүнсний чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын байраар хангахад “Хүнс групп” гар бие оролцож байна. Одоогоор хэдэн хүнийг ийнхүү бэлтгэж, мэргэшүүлсэн бэ?
-Хүн бүрд шударга, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг олгож, бизнесийн тогтвортой өсөлтийг хангах нь бидний зорилготой салшгүй холбоотой.
Дээр дурдсанчлан хүнс үйлдвэрлэл олон шат дамжлагатай учир ажиллах хүн хүч чухал байр суурийг эзэлнэ. Манай бизнесийн онцлогоос хамаарч оффис болон үйлдвэрлэлд ажиллах хүн хүчээ хуваарилдаг.
Бараа бэлтгэл, шошго наах, ачаа зөөх буулгах зэрэг үйлдвэрийн шат дамжлагын процессод заавал нарийн мэргэжил шаарддаггүй. Тиймээс мэргэжлийн өндөр шалгуур тавьдаггүй бөгөөд иргэдийг сургаж дадлагажуулснаар ажлын байраар хангадаг.
Манай компани үйлдвэрийнхээ дамжлагын ажилчдыг суралцах боломжоор хангаж, дипломтой мэргэжилтэй болгосны дараа ажлын байранд гаргадаг гэсэн үг. Энэ нь тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилттой уялдаж байгаа.
Энэ ажлын хүрээнд “Хүнс боловсрол” төслөөрөө дамжуулан Хүнсний технологийн коллежтой хамтран Төв аймгийн иргэдийг хамруулсан 2.5 жилийн мэргэшил олгох ангийг нээж амжилттай төгсгөлөө. Өөрөөр хэлбэл сургалт арга зүйн хичээлийг мэргэжлийн багш нараар заалгаж дараа нь үйлдвэрийн дадлагад гаргаж онол, практикийг хослуулдаг гэсэн үг.
Эндээс төгссөн 25 сурагчид маань бүгд манай үйлдвэрт ажиллаж хамтдаа өдөр бүр суралцсаар байна.
-Тогтвортой хөгжлийг дэмжсэн зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүнсний салбарт ажиллах сонирхолтой иргэдийг сургаж, дадлагажуулан ажлын байраар хангажээ. Нөгөө талаас хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?
-КОВИД-ын цар тахлаас хойш хэрэглэгчдийн зан төлөв нэлээд өөрчлөгдсөн. Ил задгай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхээс илүүтэй ууталж, савласан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг чухалчлах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлд сав баглаа боодол чухал байр суурийг эзэлж байна.
Манай компанийн зүгээс ХБНГУ-ын тэргүүлэгч брэндийн нэг Multivac групптэй хамтран ажиллаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн бөгөөд моно технологи ашигласан савлагааны материалыг нэвтрүүлсэн. Энэ нь эргээд байгальд хурдан шингэдэг, дахин боловсруулаад хэрэглэх боломжтой зэрэг олон талын ач холбогдлыг агуулж буй.
-Үйлдвэрийн ус, эрчим хүчний хэрэглээндээ ямар шийдлийг нэвтрүүлсэн бэ? Нөгөө талаар агаар, орчны бохирдлыг бууруулахад хүн бүр, цаашилбал байгууллага, ААН болгоны оролцоо чухал гэдэг. Эдгээр сэдэв тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын чухал хэсэг болов уу?
-Тогтвортой хөгжилдөө анхаарч ажиллах нь “Хүнс групп”-ийн хувьд урт хугацааны бодлого билээ.
Түгээлтийн машинуудынхаа 80 хувийг цахилгаан машин руу шилжүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ гэж зорьж байгаа.
Түүнчлэн шинэ үйлдвэртээ нарны хавтан суурилуулсан. Энэ нь үйлдвэрлэлийн цахилгааны хэрэглээг бүрэн хангахгүй ч оффис хэрэглээний цахилгааныг шийдэх шийдэл гэж харж байна. Улаанбаатар хотынхоо тог цахилгааны хэрэглээнд бага ч атугай хувь нэмэр оруулахыг зорьсон.
Үйлдвэрийн усныхаа 98 хүртэл хувийг дахин цэвэршүүлж ашиглах боломжтой болгоно гэх мэт орчны тав тух, тохижуулалтыг шинэ үйлдвэртээ бий болгоно.
Мөн усны хэрэглээгээ танах, хэрэглэсэн усаа цэвэршүүлэх, нөгөө талдаа тог цахилгааны хэмнэлт хийх, цоргоноос ус гоожих бол хамгийн нарийнаар гоожих гэх мэтчилэн байж болох бүхий л хэмнэлтийг үйлдвэр болон оффисын хэрэглээнд нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхийг зорьж буй.
-Хүнс группийн шинэ үйлдвэр хэдэн онд ашиглалтад орох вэ. Ашиглалтад орсноор үйлдвэрлэл үйлчилгээний чанар хүртээмж илүү сайжрах байх, тийм үү?
-2026 оны эхээр бүх хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Шинэ үйлдвэртээ Европын стандартыг нэвтрүүлж, экспортоо өргөжүүлэх зорилготой. Бохирдол бага, хүний гарын оролцоо бага, алдаа багатай үйлдвэрлэл хийхийн тулд хичээж ажиллаж байна.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байрныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мэдээж аюулгүй, олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн, хэрэглэгчдэдээ хүргэнэ.
-Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад өөр ямар ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна вэ?
–Малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж үйлдвэрлэдэг учраас мал аж ахуй, бэлчээр ба өвс тэжээлийн аюулгүй байдал зэргээс эхлээд бүхий л эрүүл аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг. Тэр болгонд хүрэлцээтэй, оролцоотой байхыг хичээж байна.
Тогтвортой хөгжлийн арваннэгдүгээр зорилт буюу ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжихэд анхаарч байгаа гэсэн үг. Үйлдвэрийн орчинд ариутгал, цэвэрлэгээ маш чухал. Энэ утгаараа бүх нийтээр цэвэрлэгээ үйлчилгээндээ анхаарч хуучных шиг “субодник” хийдэг.
“Хүнс групп”-д харьяалагдах охин компаниудын нэг нь “Хүнс боловсрол”. Тус компанийн үндсэн зорилго бол хүнсний мэргэжлээр мэргэшиж чадаагүй хүмүүст сурах боловсрох боломж олгоход чиглэж байна.
Хүнс боловсролд дараах гурван том зорилго бий.
- Үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжилгүй цаашдаа хүнсний салбарт мэргэшсэн ажилтан болох зорилготой залуусыг дэмжих, тэдэнд онолын мэдлэг өгч дипломтой болгох,
- Гаднын технологи нөү-хау трэндийг нэвтрүүлж үйлдвэртээ мэдлэгийг түгээх, Монгол Улсынхаа стандартыг дээшлүүлэх,
- Хүнсний мэргэжилтэн, хүнсний технологич, хүнсний инженер мэргэжлийн үнэ цэнийг залууст ойлгуулах, сурталчлахыг зорьдог.
-Орчин үеийн хэрэглэгчид их хэрсүү болсон шүү дээ. Миний сонгосон бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар үйлдвэрлэх процессоо хийж байна, байгаль экологид ээлтэй юу зэргийг хардаг болсон?
–Хамтын үнэ цэнийг бий болгох нь бидний уриа. Хэрэглэгч, худалдан авагч, хамтран ажиллагч гээд бүхий л хамтарч байгаа хүмүүстээ хамтын үнэ цэнийг бий болгох юм аа.
Чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж, хамтрагч нартаа үнэ цэнийг бий болгох, зөв хамтралыг бий болгохыг зорьдог.
– Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

