Бензин, шатахууны хомсдол бол гэнэт бий болсон юм биш. Олон жил ужгирсан асуудал савнаасаа хальж байгаа л хэрэг.
2021 оны есдүгээр сарын 20-доор, 2023 оны арваннэгдүгээр сарын 10-даар ингэж бензин, шатахуун хомстож, ШТС-уудад урт дараалал үүсэн, иргэд бухимдаж байв. Энэ бол төр стратегийн чухал салбартаа оновчтой бодлого, дорвитой шийдвэр гаргаж, бодит ажил хийлгүй аргацааж ирсний гор, хор юм.
Өдөр хоног аргалах төдий “гал унтраах” байдлаар асуудалд хандаж ирсэн нь цааш явах аргагүй болж байна. Хүнээр бол өвчний уг үндсийг нь анагаалгүй түр зуур өвдөлт намдаах эм ууж явуулсаар сэхээний орон дээр хэвтэхэд тулжээ.
1990-ээд оноос хойш 35 жилийн турш хуримтлагдан бий болсон “буглаа” өнөөдөр ингэж хагарч байна.
Бензин, шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг улсын хувьд гадаадын зах зээлийн хэлбэлзэл, олон улсын нөхцөл байдал шууд нөлөөлдөг. Яг одоо л гэхэд ОХУ-ын нефть боловсруулах 22 үйлдвэр Украинтай хийж буй дайны улмаас халдлагад өртөж эвдэрсэн нь хойд хөршийг шатахууны экспортоо хязгаарлахад хүргэсэн аж. Гэхдээ ОХУ дотоод нөхцөл байдал нь хүнд байгаа ч хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг бууруулахгүй гэдгээ мэдэгджээ.
Хоёр улсын Ерөнхий сайд нар шууд холбогдож ярилцсан, салбарын яам, агентлагууд тогтмол харилцаж, яриа хэлэлцээ өрнүүлж байгаагийн үр дүнд шатахууны хангамж ирэх долоо хоногт хэвийн болох бололтой.
ОХУ-ын тал нийлүүлэлтээ нэмэгдүүлж эхэлсэн. Баасан гарагт 130 вагон цистерн бензин, шатахуун хил дээр төвлөрч, 92-ыг нь бямба гарагт наашаа ачсан, Ням гарагт дахиад 1,600 тонн шатахуун орж ирнэ гэж салбарын сайд ярьсан байна.
Даваа гарагаас нийслэлийн хэмжээнд бензиний нийлүүлэлт хэвийн болно. Ирэх долоо хоногт аймаг орон нутгийн ШТС-уудад бензин, шатахууныг хангалттай хэмжээнд хүргэх гэнэ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамныхан БНХАУ-ын “Петрочайна” компанитай хэлэлцээ хийж импортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр болж. БНХАУ-аас 10 дугаар сард 15 мянган тонн бензин авна. Ирэх лхагва гаргаас татан авалтаа эхэлнэ. Ийнхүү нэг удаа гал унтраана. Цаашид ийм байдлаар хол явахгүй.
30 жил хуримтлагдсан “буглаа” гурав, дөрөвхөн сарын дотор арилна гэж үгүй. Боомтын сэргэлт гэж өнгөрсөн дөрвөн жил баахан сүржигнэсэн ч шатахуун түлш оруулж ирэх боломжтой боомт Замын-Үүдээс өөр нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл импортын хоёрхон сувагтай. Бензин, шатахуун хомстож байгаагийн гол шалтгаан нь нөөцлөх агуулах сав хүрэлцээгүйтэй холбоотой.
1990 оноос хойш бензин, шатахуун нөөцлөх агуулах огт нэмэгдэж баригдаагүй. Манай улсын сарын хэрэглээ 220 мянган тонн. Энэ хэмжээний шатахуун нөөцлөх агуулах сав барих хэрэгцээ бий. Тиймээс Засгийн газар шатахууны агуулах барих хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх 2026 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг төсөвлөжээ. Аж ахуйн нэгжүүд 1.5 жилийн дотор бензин, шатахуун нөөцлөх агуулах саваа барих боломжтой.
Бас нэг сайн мэдээ бол Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт талдаа орчихсон. Босоо хөх, Босоо гишүүн мэт нь жадлан эсэргүүцэж саатуулчихгүй бол стратегийн чухал ач холбогдолтой уг үйлдвэр 2027 онд ашиглалтад орох юм.