ФОТО: “Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм”

​“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63,137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө. 

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож, 16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэв. 

зураг
 

Мөн “Монгол Улсын иргэн болно гэдэг нь зөвхөн иргэний үнэмлэх авах тухай бус. Монгол гэдэг нэрийг зүрхэндээ тээж явах андгай, амлалт юм. Өнөөдрөөс эхлэн эх орныхоо ирээдүйг хариуцах ухамсар. Та бүхэн бол Монголын шинэ итгэл юм” гэж онцлов.

Иргэний андгай өргөх ёслолд оролцсон сурагчид “Үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй” иргэн байхаа андгайлж, нийт сурагчдаа төлөөлөн 15 сурагч иргэний үнэмлэхээ Ерөнхий сайд Г.Занданшатар, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нараас гардан авлаа. 

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зэрэг зорилготойгоор зохион байгуулдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

More From Author

JET SCHOOL Сургалтын төвийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Англи хэлний зөвлөх багш Ц.Чинзориг Монгол Улсын Гавьяат Багш цол хүртлээ

Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн