Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2025” Тайланд улсад үргэлжилж байна.
Уг тэмцээн нь гурван сая ам.долларын шагналын сантай бөгөөд нийт 40 баг гурван шатанд хуваагдаж, Grand final буюу шөвгийн 16 багт багтахын төлөө өрсөлдөж байгаа юм.
Энэ жилийн дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн “Alpha Gaming” баг оролцож байгаа ба тэд эхний The Gauntlet шатанд 13 дугаар байрт бичигдсэнээр шөвгийн 16-д шалгарч чадаагүй.
Үргэлжлүүлэн хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарахын төлөө өрсөлдөж эхэлсэн бөгөөд хоёр өдрийн 12 тоглолтын нийлбэр дүнгээр 128 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.
“Alpha Gaming” баг өнөөдөр зургаан тоглолт хийсний дараа хэсэгтээ эхний гурван байрт бичигдвэл дэлхийн аваргын шөвгийн 16-д шалгарах юм.
PUBG MOBILE тоглоомын энэ жилийн дэлхийн аварга нийт дөрвөн шаттай зохиогдож байгаа бөгөөд тус бүрдээ шагналын сантай. Тухайлбал The Gauntlet шат 429 мянган ам.доллар, хэсгийн шат 439 мянган ам.доллар, Last chance шат 93 мянган ам.доллар, Grand final шат 1.6 сая ам.долларын шагналын сантай байх юм. Сүүлийн шилдэг 16 багийн өрсөлдөөнд түрүүлсэн баг 500 мянган ам.долларын эзэн болно.